Дэлхийн хамгийн өндөр настай хүний урт насалсны нууц юу байв?
Анд нөхдийн мэдээ
2024-04-04
Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр Гиннесийн номонд бүртгэгдсэн Венесуэлийн иргэн Хуан Висенте Перес Мора 114 насандаа таалал төгслөө. Перес Мора 115 насны төрсөн өдрөөсөө нэг сарын өмнө өөд болсон бөгөөд тус улсын ерөнхийлөгч Николас Мадуро түүнийг дурсан, ар гэрийнхэн болон төрөлх тосгоных нь бүх хүмүүст эмгэнэл илэрхийлсэн тухай AFP агентлаг мэдээлэв. Перес Мора 1909 оны тавдугаар сарын 27-ны өдөр Андын нурууны Тачира мужийн Эль Кобрэ тосгонд 10 хүүхэдтэй айлын ес дэх нь болон мэндэлжээ. Тэрбээр багаасаа аав, ах нартайгаа элсэн чихэр, кофе хураах зэрэг газар тариалангийн ажил хийж өссөн байна. Насанд хүрч гэр бүл зохиогоод зургаан хүү, таван охинтой өнөр өтгөн айл болсон бөгөөд 1997 онд эхнэрээ нас барах хүртэл 60 жил ханилжээ. Түүнийг 2022 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр Гиннесийн номонд дэлхийн хамгийн өндөр настай хүнээр бүртгэсэн аж. Тухайн үед тэрбээр 112 нас, 253 хоногтой байжээ. Гиннесийн алба "Перес Мора нь дэлхийн хоёр дайныг туулан, зурагт зохион бүтээсний гэрч болж, бас саран дээр хүн буухыг харж, интернэтээс хиймэл оюун ухаан хүртэл шинэ технологи гарч ирж байгааг нүдээр үзэн, 2020 оны коронавирусыг даван туулж чадсан юм" хэмээн онцолсон юм. Мөн түүний тухай “Тэрбээр ер бусын эрүүл биетэй, ой санамж сайтай, гэр бүл, найз нөхөдтэйгээ ярилцаж суух дуртай байжээ” хэмээн дурсав. Тэрбээр амьд сэрүүн байхдаа, урт насалж буй нууцынхаа талаар “Би амьдралынхаа туршид шаргуу хөдөлмөрлөж, амрах үедээ маш сайн амарч, эрт унтаж, өдөр бүр нутгийн “Aguardiente” нэрмэл архинаас нэг хундага хүртэж, бурханд сүсэглэж сэтгэл зүрхээ амгалан байлгадаг” хэмээн ярьжээ. Түүнийг өөд болсны дараа дэлхийн хамгийн өндөр настай хүн нь Япон улсын иргэн, 112 настай Кисабүро Сонобэ боллоо.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.