images

Жүжигчин Шэннон Доэрти: Хорт хавдар туссан ч итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-04


   Хөхний хорт хавдар туссан Америкийн жүжигчин 52 настай Шэннон Доэрти амьдралаа эргэн харж, энгийн амьдралыг илүүд үзэх болсон тухайгаа ярив. 1990-ээд онд тэрбээр "Беверли Хиллсийн хүүхдүүд" олон ангит кинонд тоглож олны танил болсон юм. Харин саяхан "Let’s Be Clear" подкаст нэвтрүүлэгт оролцохдоо "Хөхний хорт хавдар туссаны дараа миний амьдралын тэргүүн зорилго өөрчлөгдсөн" гэжээ. Мөн “Яг одоо миний хамгийн чухал зүйл бол ээж минь” гээд хорт хавдраар хорвоог орхиход хүрвэл ард үлдэх ээжийгээ бодож олон зүйлийг зохицуулж, бэлдэж байгаа тухайгаа ярьсан байна. Тухайлбал, ээждээ зориулан барьж өгөхөөр төлөвлөсөн байшингийнхаа хэмжээг багасгаж, тавилга, эд хогшлыг нь хүртэл авсаархан, нүсэр биш байлгахаар болжээ. Мөн тэрбээр материаллаг зүйлд хэт автахаас илүүтэй эд зүйлсээ зарж олсон мөнгөөрөө аялалд явж, ээжтэйгээ дурсамж бүтээж буйгаа ярьсан байна. Ш.Доэрти 2015 онд хөхний хорт хавдартай гэсэн онош сонсоод мэс засалд орж, химийн эмчилгээ хийлгээд биеийн байдал нь сүрхий дээрдсэн ч 2020 онд дахин сэдэрч үсэрхийлэн дөрөвдүгээр шатандаа орсон байна. Гэсэн ч тэрбээр өнгөрсөн хугацаанд сэтгэл зүйгээ маш өөдрөг байлгаж ирсэн бөгөөд "Шинэ өдөр бүхэн бурхнаас хайрласан бэлэг учраас итгэл найдвараа хэзээ ч алдаж болохгүй" гээд өөрийнх нь хийж чадах зүйл бол итгэлээ алдалгүй өдөр бүрийг өөдрөгөөр харж амьдрах гэжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.