Казахстан: 18 хүртэлх насны бүх хүүхдэд хүүхдийн мөнгө олгоно
Анд нөхдийн мэдээ
2024-04-04
Төрөлт багассанаас хүн амын тоо буурч байгаа нь дэлхийн ихэнх улс орны хамгийн тулгамдсан асуудал болоод байна. Иймээс улс орон бүр дотоодын нөхцөл байдалдаа тохирсон бодлого хэрэгжүүлж буй. Тэгвэл газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд есдүгээрт ордог, байгалийн баялаг ихтэй Казахстан улс энэ жилээс эхлэн хүүхэд болгонд бэлэн мөнгө олгох болсноо мэдэгдэв. Төрийн нарийн бичгийн дарга Ерлан Карин Астана хотноо гадаадын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ "Энэ оноос 18 хүртэлх насны 6.9 сая хүүхдэд мөнгө өгнө" гэсэн байна. Үүний дагуу нэг хүүхдэд 100 орчим доллар өгч байхаар “Хүүхдийн төлөө сан" байгуулжээ. Тус санг 2000 онд байгуулсан "Казахстаны бие даасан баялгийн сан"-гаас санхүүжүүлэх аж. Казахстан улс нь газрын ховор элемэнт, хром, уран, алт, мөнгө, цайр зэрэг ашигт малтмалын арвин нөөцтэй, дэлхийн 12 дахь том газрын тос олборлогч орон юм. Энэ нь эрчим хүчний салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувь, төсвийн орлогын 50 хувь, экспортын 75 хувийг бүрдүүлдэг. 2000 онд байгуулагдсан "Казахстаны бие даасан баялгийн сан" нь түүхий газрын тос зэрэг баялгийн борлуулалтаас олсон ашгийг санхүүгийн үндсэн эх үүсвэр болгон ашигладаг. Эндээс олсон ашгийн тал хувийг “Хүүхдийн төлөө сан”-д төвлөрүүлэхээр болж байна. Мөн 18 нас хүрсэн иргэнд төрөөс хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгоно гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.