images

28 настай финланд залуу Чикагогийн найрал хөгжмийн ерөнхий удирдаачаар томилогдов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-03


   Финландын хөгжмийн залуу удирдаач, 28 настай Клаус Мякеля АНУ-ын Чикаго хотын симфони найрал хөгжмийг удирдахаар болов. Тус найрал хөгжмийн Удирдах зөвлөл К.Мякеляг ерөнхий удирдаачаар томилсон байна. К.Мякеля 2027 оны есдүгээр сараас эхлэн таван жилийн хугацаанд энэ албыг хаших юм. Чикагогийн найрал хөгжмийг 13 жил удирдсан, өдгөө 82 настай Риккардо Мути өнгөрсөн оны сүүлээр ажлаа хүлээлгэн өгч цаашид хүндэт удирдаачаар ажиллахаар болсон байна. К.Мякеля бол орчин үеийн сонгодог хөгжмийн ертөнцөд онцгой нэр хүндтэй залуу удирдаач юм. 1996 онд төрсөн тэрбээр 20 гаруй наснаасаа сонгодог хөгжмийн ертөнцөд өндрөөр үнэлэгдэх болсон, удирдаачийн түвшинд энэ салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн уран бүтээлчдийн хамгийн залуу нь ажээ. Тэрбээр 2018 оны тавдугаар сараас Норвегийн нийслэл Осло хотын филармонийн найрал хөгжмийн ерөнхий удирдаачаар ажиллаж байв. Ослогийн филармонийг удирдан түүний тоглуулсан Бетховений 9 дүгээр симфони “Chorus”-ын тоглолтын бичлэгийг 5 сая гаруй хүн үзсэн байна. К.Мякеля улмаар 2021 оноос Парисын найрал хөгжмийг удирдаж байжээ. 133 жилийн түүхтэй Чикагогийн найрал хөгжмийг Жорж Солти, Дэниел Баренбойм, Риккардо Мути зэрэг алдартнууд удирдаж байсан бөгөөд К.Мякеля 12 дахь удирдаач нь болж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.