images

Япон: Мужийн захирагч зохисгүй үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцров

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-04-03


   Япон улсын Шизүока мужийн захирагч хүмүүсийг эрхэлж буй ажил, мэргэжлээр нь ялгаварлан гадуурхаж доромжилсон утга бүхий үг хэлснийхээ төлөө албан тушаалаасаа огцрохоор боллоо. “Yomiuri Shimbun” сонины мэдээлснээр, Хэйта Кавакацу энэ сарын 1-ний өдөр мужийн захиргаанд шинээр ажилд орсон хүмүүстэй уулзаж ажлын зааварчилгаа өгөхдөө "Мужийн алба бол сэтгэхүй шаардсан ажил юм. Энэ нь хүнсний ногоо зарах, үнээ маллах, эд бараа зарахаас өөр зүйл. Та бүхэн өндөр оюунтай хүмүүс” гэж хэлсэн нь хүмүүсийн шүүмжлэлд өртжээ. Түүний хэлсэн үг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсны дараа мужийн захиргаанд утас болон цахим шуудангаар 400 орчим гомдол ирсэн байна. Үүний дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа хэлсэн үгийнх нь зөвхөн нэг хэсгийг нь таслан авч олон түмэнд мэдээлж буруу ойлголт өгсөнд гомдолтой байгаагаа хэлээд "Хэрэв хэн нэгэнд миний хэлсэн үг таагүй санагдсан бол уучлаарай" гэсэн байна. Улмаар буруу зүйл хэлснээ хүлээн зөвшөөрч, ирэх зургаадугаар сард болох мужийн иргэдийн хурлаар албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн байна. Х.Кавакацу нь Васэда их сургуулийн Улс төр, эдийн засгийн тэнхимийн профессороор ажиллаж байсан бөгөөд 2009 онд Шизүока мужийн Соёл, урлагийн их сургуулийн деканы алба хашиж байхдаа захирагчийн сонгуульд бие даан нэр дэвшиж ялалт байгуулсан юм. Түүнээс хойш тэрбээр орон нутгийн дөрвөн сонгуульд ялж, Шизүока мужийг 15 жил удирдсан байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.