images

Хятад: Багш нь шавиа өдөр бүр үүрч гэрт нь хүргэдгийн учир юу байв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-28


   Хятадын нэгэн дунд сургуулийн багш сүүлийн хоёр жилийн турш нарколепси өвчтэй сурагчаа үүрч гэрт нь хүргэж өгч байгаа тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Энэ явдал хэрхэн эхэлсэн талаар тодруулбал, хөдөө нутгийн дунд сургуулийн багш Шю Лонжун хоёр жилийн өмнө ангидаа нэгэн эрэгтэй сурагч унтаж байхыг харжээ. Багш түүнийг сэрээх гэж нүүр лүү нь ус цацсан ч хүүхэд хөдлөхгүй хэвтсээр байж. Тиймээс ар гэрийнхэнд нь мэдэгдэж хүүхдийг даруй эмнэлэгт үзүүлэхийг зөвлөв. Ингээд хүү эмнэлэгт үзүүлэхэд нарколепси өвчтэй гэж оношлогдсон байна. Нарколепси гэдэг нь хүн шөнө хангалттай унтсан ч өдрийн цагаар байнга нойр хүрдэг нэг төрлийн нойрны эмгэг ажээ. Ингээд хүү эмчлүүлж эхлээд биеийн байдал нь арай дээрдсэн ч өвчин бүрэн эдгээгүй байна. Хичээл номоо сайн хийдэг шавь нь ийм эмгэгтэй болсонд санаа зовж өрөвдсөн багш нь хичээлийн дараа 40 кг орчим жинтэй шавиа үүрч гэрт нь хүргэдэг болов. Хүүгийн аав ээж хоёр салсан бөгөөд тэрбээр одоо өвөө, эмээтэйгээ амьдардаг ажээ. Өвөө эмээ хоёр нь өвчин туссан хүүд нь халуун сэтгэлээр тусалж буй Шю багшид талархаад барахгүй байгаагаа хэлсэн бол Шю багш "Шавьдаа эрдэм ном заахаас гадна хэцүү үед нь тус дэм болох нь миний үүрэг" гэжээ. Улмаар шавь нь эрүүл саруул болохыг юу юунаас илүү хүсч байгаагаа хэлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.