images

Канадын хүн ам 3.2 хувиар өсчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-28


   Канадын Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, энэ оны нэгдүгээр сарын 1-ний байдлаар тус улсын хүн амын тоо 40 сая 769 мянга 890 болсон нь өмнөх оны мөн үеэс 1 сая 271 мянга 872 хүн буюу 3.2 хувиар өсч сүүлийн 66 жилд хамгийн өндөр өсөлт үзүүлсэн байна. Тус улсын хүн амын өсөлт 1957 онд хамгийн өндөр буюу 3.3 хувь  хүрч байсан бөгөөд тухайн үед Унгарын цагаачдын шилжилт хөдөлгөөний улмаас тийн өндөр өсөлттэй гарч байжээ. Өнгөрсөн оны хүн амын өсөлтийн 98 хувь нь байнгын цагаачид болон гадаад ажилчдын урсгалаас шалтгаалсан гэсэн тооцоо гарсан байна. Эдгээрийн дотор гадаадын ажилчид, гадаад оюутнууд, дүрвэгсэд зэрэг байнгын бус түр оршин суугчдийн тоо 2.6 саяд хүрсэн нь нийт хүн амын 6.5 хувийг эзэлж байна. Мөн өнгөрсөн онд цагаачдын тоо 472 мянгад хүрчээ. Нөгөө талаар түр оршин суугч, цагаачдын тоо хурдацтай нэмэгдэж байгаа нь орон сууцны хомсдол зэрэг нийгэм, эдийн засгийн ачаалал үүсгэж байна гэсэн шүүмжлэл гарах болсон юм. Иймээс өнгөрсөн долоо хоногт тус улсын Засгийн газар ойрын гурван жилийн хугацаанд түр оршин суугчдын тоог хүн амын 5 хувиас хэтрүүлэхгүй байхаар төлөвлөж байгаагаа мэдэгдэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.