images

Хятад гаралтай эмэгтэй АНУ-ын дэд ерөнхийлөгчид өрсөлдөхөөр болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-27


   Арваннэгдүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд бие даан нэр дэвшиж буй Роберт Кеннэди “Google” компанийг үүсгэн байгуулагч Сергей Бриний өмнөх эхнэр Николь Шанаханыг өөрийн хамтрагчаар албан ёсоор зарласан тухай “New York Times” сонин мэдээлэв. Энэ нь хэрвээ сонгуульд Р.Кеннэди ялбал Н.Шанахан дэд ерөнхийлөгч болно гэсэн үг юм. Р.Кеннэди Калифорниа мужийн Окландад болсон сонгуулийн сурталчилгааны цуглаан дээр Н.Шанаханыг өөрийн хамтрагч хэмээн танилцуулж "Би зөв хүнээ олсон" гэжээ. Улмаар түүнийг "Хиймэл оюун ухаан (AI) болон оюуны өмчийн эрхийн асуудал эрхэлсэн авьяаслаг менежер, дайчин ээж, саад бүхнийг даван туулж өнөөгийн өндөрлөгт хүрсэн хүн" хэмээн онцолсон байна. Н.Шанахан нь 1985 онд Оакландад төрсөн бөгөөд ээж нь Хятадаас цагаачилж ирсэн хүн байжээ. Тэрбээр бага насныхаа тухай ярихдаа "Би маш их уйтгар гуниг, айдас, түгшүүр дунд хүүхэд насаа өнгөрөөсөн. Заримдаа хүчирхийлэлд өртдөг байлаа” гэсэн байна. 17 настайдаа их сургуульд орж ази судлал, эдийн засаг, хятад хэлээр суралцжээ. Дараа нь хуульчийн туслахаар ажиллаж байгаад Санта Клара их сургуулийн хуулийн ангид суралцаж, төгсөөд Цахиурын хөндийд хуульч мэргэжлээрээ ажилласан байна. Улмаар 2018 онд “Google” компанийг үүсгэн байгуулагч Сергей Бринтэй гэрлэсэн ч өнгөрсөн жил салсан юм. Тэрбээр АНУ-ын Ардчилсан намын томоохон улс төрчдийг байнга дэмжиж ирсэн. “Forbes” сэтгүүлийн мэдээлснээр Н.Шанахан 2020 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Жо Байденд 25 мянган доллар хандивласнаас гадна Ардчилсан намын бусад зүтгэлтнүүдэд мөн хандив өгчээ. Харин энэ удаад Р.Кеннэдийн сонгуулийн кампанит ажилд 4,5 сая доллар хандивласан гэнэ. Жо Байдены Ардчилсан намын хамтрагчид энэ алхмаас болгоомжилж байна гэж тус сонин мэдээлэв. Учир нь Дональд Трамптай ойролцоо рэйтингтэй өрсөлдөж байгаа Р.Кеннедийг түүний саналаас хуваах эрсдэлтэй хэмээн үзэж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.