images

Баоагийн чуулга уулзалт эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-27


   Азийн Давосын форум гэгддэг Боаогийн чуулга уулзалт 26-ны өдөр Хятадын Хайнань мужийн Боао хотод эхлэв. Энэ жилийн чуулга уулзалт “Ази ба дэлхий: Нийтлэг сорилтууд, хамтын хариуцлага” сэдвийн дор болж байна. Дэлхийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн инновац, нийгмийн хөгжил, олон улсын хамтын ажиллагаа, хамтарсан чуулган гэсэн таван том хуралдаанаар 40 гаруй салбарын хэлэлцүүлэг явагдана. Форумын ерөнхий нарийн бичгийн дарга Ли Баодун хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ "Бид энэхүү чуулганаар нийгмийн бүхий л салбарын мэргэн ухааныг нэгтгэж, Ази болон дэлхийн улс орнууд хүчээ нэгтгэж, бэрхшээлийг даван туулж, сайн сайхан ирээдүйг бүтээнэ гэдэгт итгэж байна” гэжээ. 28-ны өдөр нээлтийн ёслол болох үед Бүх Хятадын Ардын Их Хурлын дарга Жао Лэжи Хятадын эдийн засгийн бодлогыг танилцуулах үндсэн илтгэл тавих ажээ. Энэ жилийн чуулганд дэлхийн 60 гаруй улс орон, бүс нутгаас 2000 орчим хүн оролцож байна. Тухайлбал Казахстаны Ерөнхийлөгч Жомарт Токаев, Шри Ланкийн Ерөнхий сайд Динеш Гунавардена, Доминиканы Ерөнхий сайд Рузвельт Скеррит, Камбожийн хаант улсын Дээд зөвлөлийн дарга Хун Сен нар хүрэлцэн иржээ. Мөн Дэлхийн оюуны өмчийн байгууллагын (WIPO) ерөнхийлөгч, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын (OECD) Ерөнхий нарийн бичгийн дарга зэрэг олон улсын байгууллагын тэргүүн нар оролцож байна. Үүнээс гадна 40 орчим улс орон, бүс нутгаас ирсэн 1100 орчим сэтгүүлчид ажиллах юм байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.