Тайландад сармагчин олширч иргэдийг түгшээх болсон тул арга хэмжээ авч эхлэв
Анд нөхдийн мэдээ
2024-03-27
Тайланд улсын Лопбури мужид сармагчин хэт их олширч оршин суугчдын тав тухыг алдагдуулах болсон тул Засгийн газраас арга хэмжээ авч эхэлсэн тухай “Bangkok Post” сонин мэдээлэв. Юуны түрүүнд тус мужийн Байгаль орчны газрын 12 ажилтан урхи, тор тавин тооны сармагчинг барьж мужийн Сармагчингийн цэцэрлэгт хүрээлэнд хүргэжээ. Өмнө нь энэ нутгийн сүрэг сармагчинг үзэхээр жуулчид зорин ирдэг байсан бөгөөд коронавирусын улмаас жуулчдын тоо эрс багасаж, энэ хэрээр сармагчин идэш хоолны дутагдалд орж эхэлсэн байна. Улмаар айлын гэр орон руу дайрах, оршин суугчдад халдаж эд зүйл булаах тохиолдол ихсэж, энэ нь явсаар хүмүүсийг түгшээх болжээ. Лопбуригийн сүм хийд болон хотын төвөөр амьдардаг хоёр бүлгийн хэдэн зуун сармагчин идэш тэжээл, эзэмшил газраа булаацалдан хоорондоо тэмцэлдэх болж, үүнээс улбаалан замын түгжрэл үүсч, оршин суугчид амар тайван амьдрахад төвөгтэй болов. Тус мужид 10 мянга гаруй сармагчин байдаг бөгөөд Засгийн газар 2022 оноос эхлэн арга хэмжээ авч эхэлсэн ч үр дүнд хүрээгүй тул тэднийг барьж өөр газар луу нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн нь энэ ажээ. Сармагчны халдлагад өртсөн иргэдэд Засгийн газраас 100 мянган бат хүртэл нөхөн олговор олгохоо мэдэгдсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.