images

Испани: 144 дахь жилдээ баригдаж буй сүмийн барилга 2026 онд бүрэн дуусна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   Испанийн архитекторч Антонио Гауди (1852-1926) зураг төслийг нь гаргасан Испанийн Ариун гэр бүлийн сүм (Sagrada Familia)-ийн барилгыг 2026 онд бүрэн дуусгахаар төлөвлөснийг зарлав. 1882 онд шав тавьснаас хойш 144 жил, архитекторч А.Гаудиг өөд болсноос хойш 100 жилийн дараа ийнхүү бүрэн дуусгахаар болсон тухай “The Guardian” сонин мэдээлжээ. Уг сүмийн барилгын хамгийн өндөр хэсэг болох 172.5 метрийн өндөртэй Есүс Христийн цамхагийг барихад шаардлагатай мөнгө хөрөнгө бэлэн байгааг сүмийн удирдлага мэдэгдсэн байна. Энэ сүм бүрэн баригдаж дууссанаар өндрөөрөө Германы Ульмын сүмийн (161.5м) өмнө орж дэлхийн хамгийн өндөр сүм болох юм. Ариун гэр бүлийн сүмийн барилгын ажил 1882 онд А.Гаудигийн гаргасан дизайны дагуу эхэлсэн хэдий ч 1926 онд архитеторч нас барснаар барилгын ажил дөнгөж 15 орчим хувьтай зогссон байна. Улмаар Испанийн иргэний дайн, санхүүгийн хямрал зэрэг олон бэрхшээлийг туулж урагшилсаар өдий хүрчээ. Энэ хооронд А.Гаудигийн гаргасан зураг төсөл алдагдсан тул шинээр барилгын зураг гаргасан байна. Мөн 137 жилийн турш барилгын зөвшөөрөлгүй хууль бусаар барилга барьж байгаа гэсэн маргаан дагуулсаар ирсэн хэдий ч Барселона хотын зөвлөл 2019 онд барилгын зөвшөөрөл олгожээ. Гэсэн ч баригдаж дуусаагүй уг сүм Испанид очсон жуулчдын анхаарлыг татдаг алдартай газар болж, жил бүр 5 сая орчим жуулчин зорьж ирдэг ажээ. Улмаар 1984 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.