images

Баруун Европын орнууд аюулгүй байдлаа чангатгаж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   Москва хотод болсон зэвсэгт халдлагын дараа Баруун Европын орнууд терроризмоос урьдчилан сэргийлэх бэлэн байдалд шилжээд байна. Тухайлбал, удахгүй зуны Олимп зохион байгуулах гэж буй Франц улс дотоодын аюулгүй байдлаа дээд зэргээр чангатгах тухайгаа мэдэгдсэн бол Итали зэрэг бусад орнууд ч мөн адил террорист халдлагаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ аваад байна. “Reuters” агентлагийн мэдээлснээр, Италийн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ асуудлыг авч хэлэлцээд, ирэх амралтын өдрүүдэд болох Улаан өндөгний баярын үеэр аюулгүй байдлыг сайтар хангах шийдвэр гаргасан байна. Тус улсын Гадаад хэргийн яам "Хүмүүс хамгийн их цуглардаг газруудад онцгой анхаарал хандуулж, хяналт шалгалтыг чангатгах болно" гэжээ. Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон "Исламын улс" (ISIS) бүлэглэл Францад халдлага үйлдэхийг нэг бус удаа оролдсон тухай мэдэгджээ. Мөн Германы Дотоод хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Корнелиус Функе исламын хэт даврагчдын заналхийлэл ноцтой хэвээр байгааг анхааруулж, аюулгүй байдлаа чангатгах тухай мэдэгдэв. Баруун Европын орнуудад ийм арга хэмжээ авах хэд хэдэн шалтгаан бий. 2024 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ирэх 6-7 дугаар сард Германд болох бол дараа нь Францын нийслэл Парис хотноо Олимпын наадам болно. Эдгээр томоохон үйл явдлууд исламын хэт даврагчдын бай болж магадгүй гэсэн болгоомжлол нийтлэг байгаа юм.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.