images

Москвад болсон зэвсэгт халдлагын үеэр 15 настай хүү олон хүний амь аварчээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-26


   ОХУ-ын Москва хотод 139 хүний ​​амь үрэгдсэн террорист халдлагын үеэр 100 гаруй хүнийг аварсан цагаач хүү үндэсний баатар болж байна. Оросын хэвлэлд мэдээлснээр 15 настай Ислам Халилов халдлага болох үед “Crocus City Hall” концертын танхимын нэгдүгээр давхрын хувцасны өлгүүрт ажиллаж байжээ. Хүү энд цагийн ажилчнаар орохдоо бусдын нэгэн адил онцгой байдлын үед ажиллах зааварчилгаатай танилцсан байв. Ажлаа хийж байх үед нь гэнэт буудалцаан болж, айж сандарсан хүмүүс эмх замбараагүй гүйлдэж эхлэхэд хүү тэднийг тайвшруулж гарц зааж өгөн өөрөө замчилсан байна. Хүмүүс алан хядагчдаас зугтаж нэгэн хаалган дээр ирж овоорсон бөгөөд уг хаалга нь тусгай картаар онгойдог тул гарах боломжгүй байв. Энэ үед И.Халилов даруй очиж хүмүүсийн дундуур зүтгэсээр картаар хаалгыг онгойлгож олон хүнийг гадагш гаргажээ. Гар утсандаа хийсэн бичлэгт нь түүний “Ийшээ яв, наашаа ир, энэ замаар яв” гэх мэтээр хашгирч, хонгилоор дээш доош гүйж байгаа дүрс үлджээ. Ингээд түүний ачаар 100 гаруй хүн барилгаас эсэн мэнд гарсан байна. Тэрбээр "Би ганцаараа амиа аван зугатвал тэр олон хүн үхэж болзошгүйг ойлгосон" гээд "Өөрийгөө баатар гэж бодохгүй байна" гэжээ.

   И.Халилов нь Киргизээс Орост цагаачилж ирсэн айлын хүүхэд бөгөөд дунд сургуулийн наймдугаар ангид сурдаг ажээ. Баатарлаг үйлс бүтээсэн хүүд хүмүүс талархал илэрхийлсээр байна. Оросын лалын шашны тэргүүн Равиль Гайнутдин түүнд лалын шашинтнуудын дээд шагнал олгоно гэдгээ мэдэгджээ. Мөн реппер дуучин Моргенштерн хүүг нэг сая рублээр шагнасан байна. Ислам хүү хөлбөмбөг ихэд сонирхдог, "Спартак Москва" клубын өсвөрийн багт тоглодог бөгөөд тус клуб түүнийг цэнгэлдэх хүрээлэндээ урьж, үндсэн багийн тоглогчидтой уулзуулан тоглолтын тасалбар, дүрэмт хувцас бэлэглэжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.