images

Хиймэл оюун хөгжөөгүй жижиг орон хиймэл оюуны ачаар мөнгө олж буйн учир

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-25


   Хиймэл оюун ухаан (AI) өдөр тутмын амьдралд эрчимтэй нэвтэрч байгаа энэ үед Карибын тэнгис дэх Ангилья хэмээх жижиг арал улс хиймэл оюун ухааны ачаар асар их ашиг олж байгаа тухай “New York Times” сонин мэдээлэв. Ердөө 16 мянган хүн амтай, 102 км/кв талбай бүхий энэ жижиг арал өнгөрсөн жил 32 сая долларын орлого олсон байна. Энэ нь тус арлын дотоодын нийт бүтээгдэхүүний 10 хувьтай тэнцэнэ. Үнэндээ энэ аралд хиймэл оюун ухааны салбар төдийлөн сайн хөгжөөгүй. Тэгвэл ийм их ашиг олох болсны эх үүсвэр нь тус улсын интернэт дэх домэйн хаяг ажээ. Дэлхийн хиймэл оюун ухааны томоохон компаниуд .ai хэмээх энэ домэйнийг интернэт хаягаа болгон авч ашиглаад жил бүр өндөр хураамж төлдөг аж. Тухайлбал Илон Маскийн хиймэл оюун ухааны компани болох “X”-ийн интернэт хаяг нь x.ai юм. Энэхүү домэйнийг компаниуд төдийгүй интернэт хаягаа хамгаалахыг хүссэн цахим сүлжээнийхэн ихээр авдаг гэнэ. Үүний ачаар .ai домэйний жилийн төлбөр 2018 онд 50 доллар байсан бол одоо 140 доллароос хэдэн мянган доллар хүрч байна.

   Сүүлийн жилүүдэд “Google”-ийн хайлтанд .ai домэйний хайлт эрс ихэсчээ. Ангилья улсын эдийн засаг аялал жуулчлалд тулгуурладаг байсан бөгөөд коронавирусын улмаас энэ салбар бараг уналтад орсон юм. Гэтэл домэйн хаягаа ашиглуулсны төлбөрт санаанд оромгүй их мөнгө орж ирснээр 70-аас дээш насны иргэдэд эмнэлгийн үйлчилгээ үнэ төлбөргүй олгодог болсон байна. Түүгээр ч үл барам тус улсын иргэд гадаадад эмнэлгийн үйлчилгээ авахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор улсаас төсөв баталжээ. Арлын эрх баригчид "Зарим нь үүнийг гэнэтийн орлого гэж хэлдэг ч бид зүгээр л "Бурхан биднийг ивээсэн гэдэг" гээд, ийм их орлого орж ирнэ гэж төсөөлж байгаагүй тухайгаа өгүүлсэн байна.

   Гэхдээ ийм маягаар орлого олдог улс Ангильягаар тогтохгүй. Дэлхийн хамгийн жижиг улс болох, 10 мянган хүн амтай Тувалу арал 2000 оны есдүгээр сард өөрийн улсын .tv домэйнийг Канадын телевизэд 50 сая доллараар худалдсан билээ. Улмаар энэ орлогоор арлуудаа бүрэн цахилгаанаар хангаж, тэтгэлэгт сан байгуулан НҮБ-д элссэн юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.