Хятад: Хулс бол хүнсний хямралыг даван туулах асар том нөөц
Анд нөхдийн мэдээ
2024-03-25
Хятадын судлаачид дэлхийн хүнсний хямралыг даван туулах өвөрмөц санал дэвшүүлсэн тухай Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Тус мэдээнд дурдсанаар Хятадын хулс мод судлалын төвийн судлаач Ү Лян Лугаар ахлуулсан судалгааны баг "Хүнсний шинжлэх ухаан, технологийн чиг хандлага" сэтгүүлд дээрх агуулга бүхий эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн байна. Судалгааны багийнхан, хулс бол дэлхийн хамгийн хурдан ургадаг ургамлуудын нэг бөгөөд сүүтэй төстэй уургаар баялаг, энэ нь дэлхийн өсөн нэмэгдэж буй хүн амыг тогтвортой, тэжээллэг хүнсний эх үүсвэрээр хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзсэн байна. Хулсны найлзуур нь хүний хэрэгцээт есөн амин хүчлийн долоог нь агуулдаг бөгөөд амин хүчил нь уургийг бүрдүүлдэг гол нэгдэл ажээ. Мөн хулсанд агуулагдах амин хүчил нь лууван, байцаа зэрэг бусад хүнсний ногоотой харьцуулахад хавьгүй өндөр байдгаас гадна нүүрс усны маш сайн эх үүсвэр болдог, өөх тос багатай, төрөл бүрийн витамин агуулдаг ажээ. Хятадад жил бүр ойролцоогоор 25-35 сая тонн хулсны найлзуур боловсруулдаг ч нийлүүлэлт илүүдэлтэй, үнэ хямд байгаагаас нийт тариалсан хулсны гуравны нэгийг л хурааж, үлдсэн хэсэг нь тариан талбайдаа үлддэг аж. Эцэст нь судалгааны багийнхан "Хулс нь бүрэн үнэлэгдээгүй байгалийн баялаг бөгөөд дэлхий даяар түгээмэл хүнсний бүтээгдэхүүн болох асар их нөөцтэй" хэмээн онцолсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.