Америкийн ерөнхийлөгч нарын хувцсыг урладаг байсан оёдолчин өөд боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-03-22
Поп дуучин Фрэнк Синатра, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Дональд Трамп нарын хувцсыг урладаг байсан оёдолчин Мартин Гринфилд 95 насандаа таалал төгслөө. Тэрбээр 1928 онд тухайн үеийн Чехословак, одоогийн Украины баруун нутагт еврей гэр бүлд төрж, Дэлхийн II дайн, нацистийн харгислалыг даван туулж, авьяас чадвараараа нэрд гарсан хүн юм. Хүүхэд байхдаа гэр бүлээ бүхэлд нь нацистуудын гарт алдаж, өөрөө Освенцимын хорих лагерьт хоригдон олон зовлон зүдгүүрийг туулж гарчээ. Освенцимд угаалгын газарт ажиллаж байхдаа санамсаргүйгээр хүний хувцас урсны улмаас зодуулж шийтгүүлсэн бөгөөд энэ үедээ хамт ажиллаж байсан хүнээсээ хувцас засах арга сурч, алдартай оёдолчин болох гараагаа эхэлсэн аж. 1940-өөд оны дундуур хорих лагераас суллагдсаныхаа дараа АНУ руу цагаачилж нагац эгч дээрээ очжээ. Америкт ирсэн хойноо 1947 онд Нью-Йоркийн Бруклин дахь хувцасны үйлдвэрт ажилд орж үндсэн ажилтан болсон байна. Жирийн хар ажилчнаас эхлэн оёдолчны мэргэжлийг тасралтгүй сурч эзэмшсэн бөгөөд 1977 онд үйлдвэрээ худалдаж аваад зургаан ажилтантай “Martin Greenfield” хувцас загварын компаниа байгуулжээ. Тэрбээр насан туршдаа нэг ч удаа компьютер, цахим шуудан ашиглаж байгаагүй бөгөөд бүхнийг гардан хийхийг илүүд үздэг, долоо хоногийн зургаан өдөр ажилладаг байв. М.Гринфилд хэдхэн жилийн өмнө өөрийн хүү Жэй, Тодд нарт бизнесээ өвлүүлэн өгөх хүртлээ тасралтгүй 71 жил үйлдвэрээ удирдан ажиллуулжээ. 2015 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа, шатан дээр зогсоод ажлын орчноо харж байхдаа хамгийн их аз жаргалтай байдаг тухайгаа хэлсэн байна. Түүний костюм урлах арга нь бичгийн машин засах, төгөлдөр хуур хөглөх зэрэгтэй хамт АНУ-д цөөхөн үлдсэн ур чадвар гэж тооцогддог байжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.