images

Тайваний ерөнхийлөгч Тайпин аралд хийх айлчлалаа цуцалжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-21


   Тайвань улсын ерөнхийлөгч Цай Ин Вэн Өмнөд Хятадын тэнгис дэх стратегийн чухал цэг болох Тайпин аралд хийх байсан айлчлалаа цуцалсан тухай тус улсын Гадаад хэргийн сайд У Жаосү мэдэгдэв. Тэрбээр Үндэсний ассамблей дээр хэлэхдээ "Өмнөд Хятадын тэнгист байдал хурцадмал байгаа тул ерөнхийлөгч Тайпин аралд очих нь цаг хугацааны хувьд тохиромжтой биш” гэжээ. Ерөнхийлөгч Цай энэ сарын 20-нд албан тушаалаасаа буух ёстой бөгөөд бүрэн эрхийн хугацаандаа Тайпин аралд нэг ч удаа айлчилж байгаагүй ажээ. Тус улс 1958 оноос хойш Тайпин арлыг үр дүнтэй удирдаж байна. Тус арал нь Тайваниас 1500 км зайд, Өмнөд Хятадын тэнгист орших хамгийн том арал юм. Тайванийн арми энд 40 мм-ийн зенитийн буу, 20 мм-ийн автомат их буу, 81 мм, 120 мм-ийн миномёт, танк эсэргүүцэгч AT-4 пуужин бүхий цэргийн баазаа байгуулжээ. Сайд У Жаосү "Ерөнхийлөгч айлчилсан эсэхээс үл хамааран Тайвань улсын Тайпин арал дээрх бүрэн эрхт байдал эргэлзээгүй" гэсэн байна. Энэ явдалд тус улсын сөрөг хүчнийхэн эсэргүүцлээ илэрхийлэв. Сөрөг хүчний Гоминданы намын дарга Фу Кун Чи хэлэхдээ ”Ерөнхийлөгч Тайпин аралд айлчлахаас татгалзвал арлын доор буй 18 тэрбум баррель газрын тос, байгалийн хий зэрэг байгалийн баялгаас татгалзаж байгаатай адил болно” хэмээн шүүмжилсэн байна. Улмаар ерөнхийлөгчийг Тайпин аралд айлчилж Өмнөд Хятадын тэнгис дэх тус улсын бүрэн эрхт байдлыг тунхаглахыг шаарджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.