images

Владимир Путин Хятадад айлчилна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-20


   Тав дахь удаагаа ерөнхийлөгчөөр сонгогдоод буй ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин ирэх тавдугаар сард Хятадад айлчилж Ши Жиньпин даргатай дээд хэмжээний уулзалт хийхээр болсон тухай “Reuters” агентлаг мэдээлэв. Энэ сарын 15-наас 17-ны өдрүүдэд болсон ерөнхийлөгчийн сонгуульд нийт сонгогчдын 87 хувийн саналаар сонгогдсон В.Путины тангараг өргөх ёслол мөн ирэх тавдугаар сарын 7-нд болох ажээ. Түүнийг сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан даруйд Ши Жиньпин дарга баяр хүргэж, "Хятад улс хоёр орны харилцааны хөгжлийг машид чухалчилж байгаа бөгөөд цаашид Оростой нягт харилцаатай байх болно" гэсэн байна. В.Путин мөн ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсныхаа дараа 17-ны өдөр сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Хятад, Оросын харилцаа цаашид тогтвортой байх болно” гэжээ. Өрнөдийн орнуудын хориг арга хэмжээний улмаас санхүүгийн эх үүсвэр нь хаагдаж, олон улсын хамтын нийгэмлэгээс тусгаарлагдах болсон энэ үед Орос улс Хятадтай эдийн засаг, дипломат харилцаагаа улам бэхжүүлж байна. Ши Жиньпин, В.Путин нар 2022 оны хоёрдугаар сард Бээжингийн өвлийн олимпийн нээлтийн үеэр өдөр дээд хэмжээний уулзалт хийж, "хязгааргүй хамтын ажиллагаа" тунхагласан юм. Ши Жиньпин өнгөрсөн оны гуравдугаар сард гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлсний дараа гадаадад хийсэн анхны айлчлалаа Орост хийсэн билээ. Үүний зэрэгцээ В.Путин БНАСАУ-д айлчилж их удирдагч Ким Жон Унтай дээд хэмжээний уулзалт хийх боломжийг эрэлхийлж байгаа тухай мөн тус агентлаг мэдээлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.