ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль эхэллээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-15
ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр эхэлж байна. Цагийн 11 бүсээр дэлхийн хамгийн том газар нутагтай тус улсад өнөөдрөөс эхлэн 17-ны өдөр хүртэл гурав хоногийн хугацаанд сонгууль болно. Санал хураалт хамгийн зүүн хэсгийн Чукоткийн өөртөө засах тойрог болон Камчаткийн хязгаараас эхлээд Балтийн тэнгис эрэг дэх Калининград муж хүртэл явагдана. Мөн 2022 онд Оросын "шинэ нутаг дэвсгэр"-ийн бүрэлдэхүүнд оруулсан гэж мэдэгдээд байгаа Донецк, Луганск, Запорож, Херсон зэрэг Украины дөрвөн мужид анх удаагаа сонгууль явагдана. Энэ удаагийн сонгуулийн гол үзүүлэлт нь ялагч биш, харин ерөнхийлөгч В.Путины саналын хувь байх болно гэж Барууны хэвлэлүүд онцолж байна. Учир нь дөрвөн нэр дэвшигчийн дунд ОХУ-ын Коммунист намаас нэр дэвшигч Николай Харитонов, Шинэ Ард намын Владислав Даванков, ОХУ-ын Либерал ардчилсан намын Леонид Слуцкий нар нь бараг дэмжлэггүй хүмүүс юм. Борис Ельцин 1999 оны арванхоёрдугаар сарын 31-нд албан тушаалаасаа буусны дараа В.Путин ерөнхийлөгч болсноос хойш ОХУ-ыг тасралтгүй удирдаж байна. Тэрбээр 2000, 2004, 2012, 2018 оны сонгуульд ялалт байгуулж, 2008-2012 онд ерөнхий сайдын албан тушаал хашсан юм. Хэрэв энэ сонгуульд ялбал В.Путин 2030 он хүртэл төрийн тэргүүнээр ажиллана. Ингэснээрээ 29 жил төрийн эрх барьсан Иосиф Сталины дээд амжилтыг эвдэх ажээ. Энэ удаагийн сонгуулиар түүнийг 2018 онд тогтоосон хамгийн өндөр буюу 76,7 хувийн санал хураалтыг эвдэж, 80 хувийн санал авах магадлалтай гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тэрбээр саяхан ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Хүнд хэцүү, ээдрээтэй цаг үеийг даван туулахын тулд бид нэгдэх ёстой" хэмээгээд, санал өгөх замаар эх оронч байр сууриа илэрхийлэхийг уриалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.