АНУ: Цэнхэр луугаас болгоомжлохыг мэргэжилтнүүд зөвлөв
Анд нөхдийн мэдээ
2024-03-15
Мөнгөлөг цэнхэр өнгөтэй ер бусын амьтан саяхан Техасын далайн эрэг дээр гарч ирсэн талаар BBC агентлаг мэдээллээ. Ойролцоогоор 2.5 см хэмжээтэй энэ жижигхэн амьтан өвөрмөц дүр төрхөөрөө Японы “Pokemon” хүүхэлдэйн киноны дүрийг санагдуулам бөгөөд маш хортой тул гар хүрч болохгүй гэдгийг мэргэжилтнүүд сануулж байна. Цэнхэр луу (Glaucus atlanticus) гэгддэг далайн нялцгай биет энэ амьтан сүүлийн өдрүүдэд Техасын наран шарлагын газруудад харагдах болжээ. Усанд сэлэх чадваргүй тул далайн урсгал даган хөвж явдаг, хаврын улиралд зүүн өмнөд зүгийн салхи ширүүсэхэд урсгал даган хөвсөөр ийнхүү Техасын эрэгт ирсэн бололтой. Түүний онцлог нь медуз зэрэг хортой амьтдыг барьж иддэг бөгөөд хорыг биедээ агуулж байгаад аюул тулгарсан үед өөрийгөө хамгаалах хэрэгсэл болгон ашигладаг ажээ. Энэ амьтны өвөрмөц дүр төрх аялагчдын сонирхлыг төрүүлж, олон нийтийн сүлжээнд тавигдсан видео бичлэгт зарим хүмүүс түүнд гар хүрч байгаа нь олонтаа ажиглагдаж байна. Иймээс мэргэжилтнүүд зайнаас зураг авч видео бичлэг хийхээс өөрөөр шууд харьцахаас зайлсхийхийг хүмүүст анхааруулжээ. Цэнхэр луу Атлантын далай, Номхон далай, Энэтхэгийн далайд амьдардаг бөгөөд тэдний амьдрах орчны хүрээ тэлсээр байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.