Дани улсад эмэгтэйчүүд цэргийн алба хаана
Анд нөхдийн мэдээ
2024-03-15
Дани улсад зөвхөн эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд цэргийн алба хаах үүрэгтэй болгохоор бэлтгэж байна. Үүний зорилго нь ОХУ Украинд түрэмгийлсний улмаас үүсээд буй аюулгүй байдлын асуудалд бэлэн байх, жендэрийн тэгш байдлыг хангах явдал гэж тайлбарлажээ. Ерөнхий сайд Метте Фредериксен 13-ны өдөр хэвлэлийн бага хурал хийлгэж, цэрэг татлагын хүрээг эмэгтэйчүүдээр тэлж, алба хаах хугацааг одоогийн 4 сараас 11 сар болгон нэмэгдүүлэхээр шийдсэнээ мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар тус улсад 18-аас дээш насны эрэгтэйчүүд цэргийн алба хаадаг бөгөөд алба хаах хугацаа нь ихэвчлэн салбар, албан тушаалаас шалтгаалж 4-10 сар, тусгай үүрэг гүйцэтгэх бол 24 сар хүртэл үргэлжилдэг. Эмэгтэйчүүдийн хувьд цэргийн алба бол үүрэг биш харин сонголт байдаг. Тус улс 20 мянган энгийн цэрэг, 70 мянган хүн бүхий иргэний хамгаалалтын хүчинтэй бөгөөд эдгээрийн нийт бие бүрэлдэхүүний дөрөвний нэг нь эмэгтэйчүүд байдаг ажээ. Тус улс ирэх жил гэхэд Цэргийн албаны тухай хуулиа эрэгтэй, эмэгтэй иргэдийн аль алиныг нь алба хаах үүрэгтэй байхаар шинэчлэн боловсруулж, 2026 оноос эхлэн одоогийн 4700 алба хаагчийн тоог 5000 болгон нэмэгдүүлэхээр төлөвлөсөн байна. Цэргийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулах ажлыг удирдаж буй тус улсын түүхэн дэх хоёр дахь эмэгтэй ерөнхий сайд Метте Фредериксен "Дани улс дайн хийхийг хүсч байгаадаа биш, харин дайнаас зайлсхийхийн тулд ийм бодлого хэрэгжүүлнэ" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.