“Apple Watch”-ын өгсөн мэдээллээр хүний амь аварчээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-15
Америкийн Висконсин мужийн Расин дүүргийн яаралтай тусламжийн дугаарт нэгэн дуудлага иржээ. Оператор утсаа авч ярихад хүний дуу биш төхөөрөмжийн автомат хариулагч дуугарсан байна. Энэ нь хүн дуудлага өгөхөөр залгасан хэрэг биш “Apple Watch” ухаалаг бугуйн цаган дахь төхөөрөмж зам тээврийн осол гарсныг мэдэрч автоматаар 911 руу залган дуут мессеж илгээсэн хэрэг байжээ. Төхөөрөмжийн илгээсэн зурваст "Энэхүү "Apple Watch" эзэмшигч автомашины ноцтой осолд орлоо" гэсэн байв. Улмаар аврах албаныхан “Apple Watch”-аас дамжуулсан байршлын мэдээлэлд үндэслэн ослын газарт очсон байна. Аврагч Рональд Молна “Бид дуудлагыг хүлээн авснаас хойш хэдхэн минутын дотор ослын газарт очиход ачааны машин осолдсон, жолоочийн суудал эзгүй, аюулгүйн дэр дэлгэгдсэн байсан” хэмээн тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлжээ. Түргэн тусламжийн эмч нар жолоочийг өөрөө машинаасаа буусан болохыг тогтоож хайсаар ослын газрын ойролцоогоос олсон байна. Улмаар анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ. Азаар жолооч хөнгөн гэмтсэн байсан бөгөөд удахгүй бүрэн эдгэрнэ гэж эмч нар мэдэгдэв. Р.Молнагийн хэлснээр зургаан сарын өмнө мөн “Apple Watch”-оор дамжин ослын дуудлага ирж байсан гэнэ. “Хэрэв “Apple Watch” байгаагүй бол хүний амь хохирох байсныг үгүйсгэх аргагүй” хэмээн тэрбээр өгүүлсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.