images

АНУ: Гал түмэртэй тэмцэх газрын албан хаагчдыг ажлын цагаар улс төрөөс хол байхыг анхааруулав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-12


   АНУ-ын Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газар (FDNY) өөрийн харьяа гал унтраах ангиудад нэгэн мэдэгдэл хүргүүлжээ. Уг мэдэгдлийн агуулга нь “Ажлын бус цагаар улстөрчдийн талаар юу дуртайгаа ярьж болно. Дэмж, эсэргүүц. Энэ бол таны эрх. Харин ажлын цагаар улс төрийн талаар ярилцах, улс төртэй холбоотой үйлдэл хийхгүй байхыг анхааруулж байна” гэжээ. Ийм мэдэгдэл илгээх болсон онцгой шалтгаан байсан аж. Өнгөрсөн 7-ны өдөр Нью-Йоркийн Брүүклин дахь Христийн шашны соёлын төвд Гал түймэртэй тэмцэх газрын ажилтныг удирдах албан тушаалд томилох ёслол болжээ. Нью-Йорк мужийн Ерөнхий прокурор Латитиа Жэймсийн найз Памела Холмс хэмээх хар арьст бүсгүй албаны даргаар томилогдсон байна. Тухайн үед албан тушаалд томилох ёслолд оролцсон Ерөнхий прокурор хүмүүст баяр хүргэхээр индэр дээр гарч ирэхэд танхимаас хүмүүс эсэргүүцэл илэрхийлэн хашгирч эхэлжээ. Л.Жэймс “Энэ бол бурхан номын газар. Та бүхэн тайвширна уу" гэхэд хэсэг зуур чимээ намдсан ч түүнийг үгээ хэлж эхлэхэд эсэргүүцэгч албан хаагчид "Трамп, Трамп" гэж чангаар хашхирч эхэлсэн байна. Тэрбээр энэ үймээн дунд ярьсаар үгээ дуусгажээ. Л.Жэймсийг эсэргүүцэх болсон учир нь улс төрийн шалтгаантай байсан аж. Л.Жэймс 2022 онд Дональд Трамп болон түүний компаниудыг банкнаас зээл хялбархан авахын тулд хөрөнгийнхөө үнийг хөөрөгдөж байсан гэж үзэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Өнгөрсөн сард анхан шатны шүүх Л.Жэймсийн талд шийдвэр гаргаж Д.Трампад 355 сая долларын  торгууль ногдуулсан байна. Д.Трамп үүнээс болж Л.Жэймсийг “улс төрийн прокурор” гэж нэрлэж байсан аж. Энэ шалтгаанаар Д.Трампыг дэмждэг гал сөнөөгчид Л.Жэймсийн яриаг таслан ийнхүү эсэргүүцэл илэрхийлсэн нь тэр байжээ. Үүний дараа Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх газрын дарга Лаура Кавана мэдэгдэл гаргаж “Нью-Йорк хотын гал түймрийн албаны нэр хүнд улс төрийн шалтгаанаар ийм байдалд орсонд" уучлал гуйж буйгаа илэрхийлээд дээрх мэдэгдлийг гаргасан ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.