Габриэль Гарсиа Маркэсийн сүүлчийн зохиол хэвлэгдэв
Анд нөхдийн мэдээ
2024-03-11
Габриэль Гарсиа Маркэсийн (1927-2014) өөд болсноос хойш 10 жилийн дараа хамгийн сүүлчийн зохиол нь хэвлэгдлээ. “Наймдугаар сард уулзъя” (En Agosto Nos Vemos) нэртэй уг зохиол түүний 97 насны төрсөн өдрөөр буюу энэ сарын 6-ны өдөр дэлхийн 30 гаруй оронд нэгэн зэрэг хэвлэгдсэн байна. Харин манайд “Монсудар” хэвлэлийн газрын захиалгаар испани хэлний орчуулагч Б.Нямдорж хөрвүүлсэн бөгөөд маргааш нээлтээ хийх ажээ. Зохиолд жил бүрийн наймдугаар сард Карибын тэнгисийн нэгэн аралд очиж ээжийнхээ булшийг эргэдэг Ана Магдалена Бах хэмээх бүсгүйн тухай голлон өгүүлдэг ажээ. Дөч гаруй настай бүсгүй нөхөр, гэр бүлээсээ холдож, эрх чөлөөнд тэмүүлэн ийн явах болгондоо шинэ амрагтай учирдаг бөгөөд Г.Маркэсийн бүтээлүүдийн дунд ховорхон тохиодог эмэгтэй гол дүр болохыг “The New York Times” сонин онцолжээ. Алдарт зохиолч өөд болохоосоо өмнө нэлээд мартамхай болсон хойноо уг зохиолоо бичсэн бөгөөд үүнийгээ ном болгож хэвлүүлэхгүй байхыг хоёр хүүдээ захиж байсан гэнэ. Гэвч эцгийнхээ захиасыг үл хэрэгсэн ийнхүү олны хүртээл болгосон нь бас шүүмжлэл дагуулж байна. Зургаан бүлгээс бүрдсэн уг романы нэгдүгээр бүлгийг 1999 онд сар тутмын “Cambio” сэтгүүлд нийтэлж байжээ. Дараа нь зохиолоо бүрэн дуусгахыг хэд хэдэн удаа оролдсон боловч мартамхай болсны улмаас бүтэлгүйтсэн байна. Тиймээс зохиолч энэ бүтээлдээ ихэд эргэлзэж, гар бичмэлээ устгахыг хоёр хүүгээсээ хүссэн ажээ. Г.Маркэсийг шидэт реализмаар дамжуулан Латин Америкийн утга зохиолын гайхамшгийг дэлхий дахинд харуулсан хүн гэж үздэг. 1967 онд туурвисан "Зуун жилийн ганцаардал" зохиол нь дэлхий даяар 50 сая хувь борлогдож, 1982 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртсэн билээ. Тэрбээр зохиолч болж алдарт хүрэхээсээ өмнө АНУ, Европт сурвалжлагчаар ажиллаж, эх орныхоо улс төрийн хүнд нөхцөл байдлыг шүүмжлэн бичдэг байсан юм. "Наймдугаар сард уулзъя" романы хэвлэлийг хариуцсан редактор Кристобаль Пера "Энэ бүтээл нь Г.Маркэсийн гол барил болох шидэт реализмаас эхлэлтэй, дунд насны хүмүүсийн хайрын түүхийг гайхалтай урнаар өгүүлсэн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.