images

Дэлхийн хамгийн өндөр настай хүн урт наслах нууцын талаар юу өгүүлэв?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-03-06


   Өнгөрсөн жил дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорч байсан испани эмэгтэй Мария Бранас Морера энэ жил 117 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Гиннесийн дээд амжилтын алба энэ сарын 4-ний өдөр “Facebook” хуудсандаа "Өнөөдөр 117 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэж буй Мария Бранас Морерад төрсөн өдрийн мэнд хүргэе. Тэр бол 2023 оны нэгдүгээр сарын байдлаар дэлхийн хамгийн өндөр настай хүн болно" гэжээ. 2023 оны нэгдүгээр сард Францын иргэн 118 настай Люсиль Ландон нас барснаар хатагтай М.Морера дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон юм. Тэрбээр 1907 оны гуравдугаар сарын 4-нд АНУ-ын Сан Франциско хотод төрж, найман настайдаа Испани руу нүүж, Каталонд суурьшжээ. Түүнээс хойш энэ нутагт аж төрсөн бөгөөд сүүлийн 23 жил асрамжийн газарт амьдарч байна. Нөхөр нь 1976 онд хорвоог орхиж, ганц хүү нь мөн 86 насандаа авто ослоор нас баржээ. Асрамжийн газрын захирал Эва Каррера Бойс хэлэхдээ "Түүнд баяр хүргэж, эрүүл мэндэд нь олон хүн санаа тавьж байгаад маш их талархаж байна. Тэрбээр энэ онцгой өдрийг хамт олон, ойр дотнын хүмүүстэйгээ тэмдэглэсэн” гэжээ. М.Морера өдий хүртэл наслахдаа Испанийн иргэний дайн (1936-1939), испани ханиад (1918), Дэлхийн хоёр дайныг үзэж туулсан байна. Мөн 2020 оны тавдугаар сард 113 настайдаа COVID-19 цар тахлын халдвар авсан ч хэдхэн хоногийн дотор бүрэн эдгэрчээ. Тухайн үед Испани улсад вакцин нэвтрээгүй, асар их хохирол амсаж байсан ч М.Морера энэ хүнд өвчнийг ч эсэн мэнд туулаад гарсан аж. Тэрбээр урт насалсан нууцынхаа талаар 1. Дэг журамтай, тайван амгалан байх, 2. Гэр бүл, найз нөхөдтэйгээ сайн харилцаатай байх, 3. Байгальд аялах, 4. Сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, өнгөрсөнд харамсахгүй байх, 5. Хор хөнөөлтэй муу хүмүүсээс хол байх явдал гэсэн байна. Одоо түүний сонсгол бага зэрэг муудсанаас өөр бие махбодын болон сэтгэцийн ямар нэгэн зовуурьгүй амьдарч байна. Эрдэмтэн Манел Эстеллер Испанийн ABC хэвлэлд өгсөн ярилцлагадаа “М.Морера хатагтай дөнгөж дөрвөн настай байхдаа тохиолдсон үйл явдлуудыг ч тодоос тод санадаг бөгөөд өндөр настай хүмүүст тохиолддог зүрх судасны өвчин түүнд байдаггүй" гэжээ. Эрдэмтэд түүний шүлс, цус, шээсний дээжийг авч, генийн шинжилгээ хийж, хөгшрөлттэй холбоотой өвчнийг анагаах эм бүтээхээр төлөвлөж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.