Японы хамгийн ядуу ерөнхий сайд 100 нас хүрлээ
Анд нөхдийн мэдээ
2024-03-05
Энэ сарын 3-ны өдөр 100 насныхаа ойг тэмдэглэсэн Японы ерөнхий сайд асан Томичи Мүраяама урт наслахын нууцын талаар "Шунал хүслээ хязгаарлаж, байгалийн жамаар амьдрах явдал юм" гэжээ. Товчхон хэлэхэд шуналгүй, өөртөө тааламжтай, ая тухтай амьдрах нь хамгаас чухал болохыг хэлсэн байна. Тэрбээр ерөнхий сайд асан Нарүхико Хигашикүни (1887-1990), Ясүхиро Накасонэ (1918-2019) нарын дараа 100 нас хүрсэн Японы гурав дахь ерөнхий сайд юм. "Би долоо хоногт гурван удаа олон нийтийн газар очиж, өдөр бүр явган алхаж, гимнастик хийдэг" гэж Т.Мүраяама хэлсэн байна. Мөн зурагтаар сүмо бөх үзэх маш дуртай гэнэ. Улс төрийн байр суурийнхаа талаар тэрбээр "Япон улс үүрд энх тайванч орон хэвээр байх болно гэдэгт найдаж байна" гэсэн байна. 1924 оны гуравдугаар сарын 3-ны өдөр Ойта мужид төрсөн Т.Мүраяма 1994 оны 6 дугаар сараас 1996 оны нэгдүгээр сар хүртэл ерөнхий сайдаар ажилласан юм. Тэрбээр 1995 оны наймдугаар сарын 15-нд Япон улсад дайн дууссаны 50 жилийн ойгоор Японы колоничлолын дэглэм, түрэмгийлэлд гүнээ гэмшиж, чин сэтгэлээсээ уучлалт гуйж буйгаа илэрхийлсэн "Мүраяамагийн мэдэгдэл" гаргаж байв. Т.Мүраяама 2000 онд улс төрөөс хөндийрч гэртээ суух болсон бөгөөд 2005 онд унадаг дугуйн осолд орж байжээ. Тухайн үедээ 81 настай байсан бөгөөд дугуйтай явж байгаад замын уулзвар дээр мөн дугуйтай явсан бага сургуулийн дөрөвдүгээр ангийн сурагчтай мөргөлдсөн байна. Осол ноцтой хохирол гараагүй ч энэ явдлаар ерөнхий сайд асан бие хамгаалагч, нарийн бичгийн дарга, хувийн унаагүй өөрөө зөвхөн унадаг дугуйгаар зорчдог болох нь олонд ил болж байжээ. Тэтгэвэрт гарсныхаа дараа ч Японы ихэнх улс төрчид тодорхой байгууллагуудын зөвлөх гэх мэт албан тушаал хашиж, Токио хотын төвд тусдаа оффис нээдэг. Харин тэрбээр ийм замыг сонгосонгүй, эгэл жирийн амьдарч иржээ. Тэрбээр бага сургуульд байхдаа унадаг дугуйгаар сонин түгээж, 14 настайгаасаа өдөр нь ажил хийж, орой нь ахлах сургуулийн оройн ангид суралцаж, мөн жүдогийн дугуйланд идэвхтэй хичээллэдэг байв. Улмаар "Мэйжи" их сургуульд сурч байхдаа цэрэгт татагдан дайнд оролцсон байна. 88 настайдаа хараа сайжруулах нүдний хагалгаанд орох болоход мэс заслын төлбөр нэг сая орчим иен төлж дийлэхгүйгээ хэлэн хагалгаанд орохоос татгалзаж байжээ. 11 хүүхэдтэй жирийн нэгэн загасчин айлын найм дахь хүүхэд болж төрсөн тэрбээр 1987 онд Японд ерөнхий сайд нарын хөрөнгө, орлогыг ил болгох систем нэвтэрснээс хойш хамгийн бага хөрөнгө, орлого тайлагнасан ерөнхий сайд болж байв. Мөн одоог хүртэл 130 жилийн настай жирийн хоёр давхар модон байшинд суудаг ажээ. Ерөнхий сайд байхдаа өгсөн нэгэн ярилцлагадаа Т.Мүраяама "Би урьд нь амрахыг мэдэхгүй ажил хийдэг загасчин байсан учраас одоо надад амралт хэрэггүй" гэж хэлж байсан бөгөөд амралтаа Токиогийн ойролцоох буйдхан байгаль дунд энгийн нэгэн дэн буудалд өнгөрөөдөг байсан гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.