Моника Левински дахин гарч ирэв
Анд нөхдийн мэдээ
2024-03-01
АНУ-ын Цагаан ордонд дадлагажигч байхдаа ерөнхийлөгч асан Билл Клинтонтой хувийн харьцаа тогтоосон нь дуулиан дэгдээж байсан Моника Левински олон жилийн дараа гэнэт гарч иржээ. Тэрбээр энэ удаад ирэх арваннэгдүгээр сард болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль, холбооны болон муж улсын сонгуулийн өмнө Америкийн “Reformation” байгууллага vote.org-той хамтран зохион байгуулж буй "Танд эрх мэдэл бий" нэртэй, иргэдийгсонгуульд идэвхтэй оролцохыг уриалсан кампанит ажилд оролцож байгаа аж. Б.Клинтон 22 настай М.Левинскитэй нэр холбогдож байхдаа 50 настай байсан бол М.Левински өнгөрсөн долоодугаар сард тавин нас хүрчээ. Тэрбээр нэгэн ярилцлагадаа “Миний хувьд 50 нас хүрэх нь аз жаргал. Би бүх зүйлийг энгийн хүлээж авах насандаа ирлээ” гэсэн байна. Мөн “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Сонгогчдын урам хугарах, улс төрд хайхрамжгүй хандах хандлага нэмэгдэж байгааг хараад энэ кампанит ажилд оролцохоор шийдсэн” гэжээ. Б.Клинтонтой холбогдсон дуулианы дараа олон түмний дунд орох түүнд амаргүй байжээ. 2005 онд түүнийг Английн Лондон хотод очиж, Лондонгийн Эдийн засгийн сургуульд сурч байхад хүртэл өнгөрсөн дуулианы ул мөр түүнийг дагасаар байсан аж. 2017 онд Америкийн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархсан "MeToo” хөдөлгөөн түүнд өөрийгөө хамгаалах, нэр төрөө сэргээх боломж олгосон байна. “Reformation” байгууллага сонгуулийн кампанит ажлынхаа нүүр царай болгож М.Левинскиг сонгосон шалтгааны талаар хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Моника шинэчлэгч, идэвхтэн хүний хувьд олон арван жилийн турш эмэгтэйчүүдэд дуу хоолойгоо хүргэж, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцсээр ирсэн" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.