АНУ: Мөнхийн химийн бодисыг хэрэглээнээс хална
Анд нөхдийн мэдээ
2024-02-29
АНУ-ын Хүнс, эмийн захиргаа (FDA) мөнхийн химийн бодис гэгддэг перфторжуулсан нэгдлүүд (PFAS) агуулсан хүнсний сав баглаа боодлын материалыг хэрэглээнээс халах шийдвэр гаргажээ. Энэ тухай тус байгууллага "Түргэн хоолны баглаа боодол, попкорны уут, гэрийн тэжээвэр амьтдын хоолны уут зэрэгт PFAS агуулсан материал хэрэглэхгүй" гэж мэдэгдэв. PFAS нь маш тогтвортой химийн бүтэцтэй тул байгальд амархан задардаггүй, ус, тосонд амархан бохирддоггүй, халуунд тэсвэртэй байдаг аж. Эдгээр шинж чанаруудаас шалтгаалан хүнсний сав баглаа боодлын материал, хайруулын тавагны бүрээс, эмнэлгийн тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын нунтаг зэрэгт ихэвчлэн ашигласаар иржээ. Гэтэл энэ нь хөрс, усыг бохирдуулдаг, хорт хавдар тусах, дааврын үйл ажиллагаа алдагдах, дархлаа сулрах зэрэг хор нөлөөтэй нь судалгаагаар тогтоогдсон тул сүүлийн үед зохицуулалтын ажил эрчимтэй явагдаж байна. Калифорни муж 2025 оноос эхлэн PFAS-ийг гоо сайхны бүтээгдэхүүнд хэрэглэхийг хориглох шийдвэр гаргасан бол Шинэ Зеланд улс 2026 оноос эхлэн PFAS агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлохыг хоригложээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.