images

АНУ: Майкл Блүүмберг хувийнхаа хөрөнгөөрөө 10 ахлах сургууль байгуулна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-29


   АНУ-ын Нью-Йорк хотын дарга асан, “Bloomberg”-ийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Майкл Блүүмберг эрүүл мэнд, эмнэлгийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор шинээр 10 ахлах сургууль байгуулж, үүнд 250 сая доллар зарцуулна гэдгээ мэдэгдэв. Сүүлийн үед эмнэлгийн боловсон хүчний тоо эрс буурч байгаагаас үүдэн тэрбээр ахлах сургуулиа төгсөөд шууд ажиллах боломжтой эрүүл мэндийн чиглэлийн ахлах сургууль байгуулахаар болсон ажээ. Энэ нь Америкийн олон нийтийн боловсролын салбарт урьд өмнө байгаагүй оролдлого болж олны талархал хүлээж байна. М.Блүүмергийн нийт хөрөнгө 94 тэрбум доллар хүрсэн бөгөөд тэрбээр өнгөрсөн онд “Форбс” сэтгүүлээс гаргасан дэлхийн тэрбумтнуудын жагсаалтын долоод бичигдсэн юм. Тэрбээр “Bloomberg” буяны сангаараа дамжуулан Нью-Йорк, Даллас, Бостон, Шарлотт, Филадельфи, Хьюстон зэрэг зүүн өмнөд мужуудад эрүүл мэнд, анагаах ухааны мэргэжил эзэмшүүлэх 10 ахлах сургууль байгуулахаа төлөвлөсөн бөгөөд Даллас, Бостон зэрэг дөрвөн газар энэ онд багтааж, үлдсэн зургаан сургуулийг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаагаа мэдэгдэв. Сургуулийн үүсгэн байгуулах болон анхны үйл ажиллагааны зардал, тэр дундаа 10 сургуулийн 6000 сурагчийн ашиглах сүүлийн үеийн тоног төхөөрөмж худалдан авах зардлыг мөн тус сангаас гаргах аж. Тэдгээр сургууль орон нутгийн эмнэлгүүдтэй холбоотой салбар, эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны тогтолцооны дагуу ажиллана. Сурагчид орон нутгийн эмнэлгүүдэд дадлага хийж туршлага хуримтлуулах ба цаашид их сургуульд ороход дадлагын кредитийг хүлээн зөвшөөрөх ажээ. Тэрбээр цар тахлын үеэр эрүүл мэнд, эмнэлгийн ажилтнууд ачаалал ихтэй байснаас болж олноор ажлаасаа гарч байгааг хараад эмнэлэг, сургуулиудыг холбосон систем байгуулах төлөвлөгөө боловсруулсан тухайгаа хэлжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.