images

BBC: Солонгос эмэгтэйчүүд яагаад хүүхэд төрүүлдэггүй вэ?

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-29


   Өнгөрсөн оны байдлаар Өмнөд Солонгосын эмэгтэйчүүдийн төрөлтийн түвшин түүхэндээ анх удаа 0,6 хувь болтол буурч дэлхийн хамгийн бага төрөлттэй орон болсон байна. Энэ талаар Британийн BBC телевиз солонгос эмэгтэйчүүдийн дунд нэг жил орчим судалгаа хийж, хүүхэд төрүүлэхгүй байх шалтгаануудын тухай “Солонгос эмэгтэйчүүд яагаад хүүхэд төрүүлдэггүй вэ? гэсэн нэвтрүүлэг гаргажээ. BBC "Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад төрөлт буурч байгаа ч Өмнөд Солонгос шиг онцгой тохиолдол байхгүй" хэмээн онцлоод, үүний шалтгааны талаар дурдсан байна. Солонгос эмэгтэйчүүдтэй уулзаж ярилцсаны дүнд нэгдүгээрт, хүүхэд асарч хүмүүжүүлэхэд эрэгтэйчүүдийн оролцоо маш бага гэсэн хариулт гарчээ. Телевизийн продюсераар ажилладаг 30 настай Ежин бүсгүй таван жилийн өмнөөс гэрлэхгүй, хүүхэд гаргахгүй байхаар шийдсэнээ хэлээд, ийм шийдвэр гаргах болсон шалтгааныхаа талаар “Солонгост гэр орны ажил, хүүхэд асрах ажлыг адилхан хуваалцах эр хүн олоход хэцүү. Мөн өрх толгойлсон эхчүүдийг таагүй нүдээр хардаг” гэсэн байна. Удаах шалтгаан нь ажил, хүүхэд асрах хоёрыг хослуулахад маш хэцүү байдгийг дурджээ. Энэ талаар BBC Солонгост ажлын цаг маш урт байдаг гэдгийг онцолсон байна. Тухайлбал нэгэн бүсгүй ихэвчлэн 20 цаг хүртэл ажилладаг учраас хүүхдүүдээ асрах цаг зав маш бага байдгийг учирлаад, долоо хоногийн даваа гаригт ажилдаа гарах эрч хүч авахын тулд амралтын өдрүүдээр ихэвчлэн сэргээш маягаар судас тариа хийлгэдэг гэдгээ хэлсэн бөгөөд BBC "Тэрбээр үүнийг зүгээр л энгийн үэгдэл мэт хээвнэг ярьсан" гэсэн байна. Хүүхэд төрүүлэхгүй байх бас нэг ноцтой шалтгаан бол төрсний дараа эмэгтэйчүүдэд тулгардаг "карьерын тасалдал" гэжээ. Эмэгтэйчүүд жирэмсэн болсон, эсвэл хүүхэд төрүүлсэн л бол ажлаасаа гарах ёстой гэсэн далд дарамт, бичигдээгүй хууль тус улсад байдаг аж. Нэгэн компанийн хүний ​​нөөцийн албанд ажилладаг 28 настай бүсгүй хамт ажилладаг эмэгтэйчүүд нь хүүхэд асрах чөлөө авсныхаа дараа ажлаасаа шууд халагдсан, бас хүүхэд төрүүлснийхээ төлөө албан тушаал ахих боломжоо алдсан тохиолдлуудыг хараад өөрөө хүүхэд гаргахгүй байхаар шийдсэнээ хэлсэн байна. Эцэст нь БНСУ-ын эдийн засаг сүүлийн 50 жилийн хугацаанд эрчимтэй хөгжиж, эмэгтэйчүүдийг дээд боловсрол, ажлын талбар луу уриалан дуудаж, тэдний хүсэл тэмүүллийг нэмэгдүүлсэн ч асуудлын гол нь эхнэр, ээжийн үүрэг хариуцлагыг орхигдуулсан болохыг ВВС онцолжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.