Фрэдди Мэркюрийн байшинг худалдана
Анд нөхдийн мэдээ
2024-02-28
Их Британийн домогт “Queen” хамтлагийн гоцлол дуучин Фрэдди Мэркюрийн амьдарч байсан Лондон дахь харшийг худалдахаар болжээ. 1991 онд өөд болох хүртлээ дуучны сууж байсан "Garden Lodge" хэмээх хоёр давхар байшинг үл хөдлөх хөрөнгө зуучлалын газар удахгүй худалдаанд оруулахаа мэдэгдсэн байна. 1907 онд баригдсан энэ байшин нь том төгөлдөр хуур бүхий зочны өрөө, найман унтлагын өрөө, цэцэрлэгээс бүрддэг бөгөөд Ф.Мэркюри 1980 онд худалдаж аваад 11 жил амьдарсан байна. "Лондонгийн зүрхэнд орших хөдөөний сууц" гэж нэрлэдэг байсан энэ байраа тэрбээр олон жилийн найз Мэри Остин хэмээх бүсгүйд өвлүүлсэн юм. М.Остин энэ байранд гэр бүлийнхээ хамт амьдардаг байсан бөгөөд хоёр хүүхэд нь өсч том болоод тусдаа гарсан хойно ганцаараа хэсэг зуур суужээ. Байрыг худалдах шийдвэрийн талаар М.Остин "Энэ сайхан байр зөвхөн миний нэр дээр байсан төдий л юм. Одоо цаг нь болсон. Энэ бол үүрд Фрэддигийнх байх болно" гэжээ. Тэрбээр өнгөрсөн жил Лондонд болсон дуудлага худалдаагаар дуучин найзынхаа 1500 ширхэг эд зүйлсийг зарсан юм. Үүнд "Bohemian Rhapsody"-гийн аяыг бичсэн төгөлдөр хуур, "Mongolian Rhapsody" гэсэн гарчигтай дууны нот, Элтон Жоны бэлэглэсэн алмаазан шигтгээтэй бөгж зэрэг багтжээ. Мөн шүтэн бишрэгчдийн дурсгалын зурвас дүүртэл наасан цэцэрлэгийн хаалгыг 412 мянган паундаар борлуулсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.