АНУ: Тэтгэвэртээ гарсан профессор төрөлх сургуульдаа нэг тэрбум доллар хандивлажээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-27
Их сургуулийн профессор асан, эдүгээ 93 настай хатагтай Рут Готтесман өмнө нь ажиллаж байсан Альберт Эйнштейний Анагаах ухааны их сургуульдаа 1 тэрбум доллар хандивласан тухай “New York Times” сонин мэдээлэв. Тэрбээр анагаахын сургуулийн оюутнуудыг сургалтын төлбөрийн дарамтаас чөлөөлөх, тэднийг төлбөр мөнгөнд санаа зовохгүйгээр эрдэм номдоо төвлөрөн суралцахад нь энэ мөнгийг зориулахыг хүссэн байна. Британийн “Guardian” сонинд “Хатагтай Р.Готтесманы хандивласан мөнгөний ачаар энэ сургуулийн оюутнууд ирээдүйд сургалтын төлбөрт санаа зовох шаардлагагүй боллоо” хэмээн онцолсон байна. Мөн “New York Times” сонин "Энэ бол АНУ-ын боловсролын байгууллагад өргөсөн хамгийн том буяны хандив юм" гэжээ. Хатагтай Р.Готтесман "Оюутнууд сургалтын төлбөрийн өр зээлгүйгээр шинэ эмчийн ажлын гараагаа эхлүүлнэ гэж найдаж байна. Мөн анагаахын сургуульд суралцах хүсэлтэй ч санхүүгийн бэрхшээлээс болж сурч чадахгүй байгаа оюутнууд ч үүнд хамаарна” хэмээн их хэмжээний мөнгөн хандивынхаа зорилгыг тайлбарлажээ. Түүний хандивын хэмжээ нь итгэхэд бэрх боловч Нью-Йоркийн хамгийн ядуу дүүрэг болох Бронкс дахь эмнэлгийн байгууллагууд энэ мөнгийг хүртэх болсон нь илүү анхаарал татаж байгаа талаар дээрх сонин онцлон мэдээлсэн байна. Тэрбээр 1968 оноос хойш тус сургуульд ажиллаж эхэлсэн бөгөөд одоо захирлуудын зөвлөлийн даргын албыг хашиж байна. Түүний талийгаач нөхөр Дэвид Готтесман санхүүч мэргэжилтэй, “First Manhattan” нэртэй хөрөнгө оруулалтын компани ажиллуулдаг байжээ. Амжилттай бизнес эрхэлж асар их ашиг олсон нөхөр нь өөд болохдоо эхнэртээ зөв гэж бодож байгаа зүйлдээ мөнгөө зарцуулахыг гэрээслэсэн гэнэ. Их хэмжээний хандив өгсөн хүмүүст хүндлэл үзүүлж сургуулийн нэрэн дээр хандивлачийн овог нэрийг залгаж бичдэг заншил байдаг бөгөөд хатагтай Р.Готтесман үүнээс эрс татгалзаж “Эйнштейн хэмээх агуу нэрээрээ байсан нь хамаагүй дээр” гэжээ. 1955 онд байгуулагсан энэхүү хувийн их сургууль нь харьцангуйн онолыг нээсэн эрдэмтэн Альберт Эйнштейний зөвшөөрлөөр сургуулиа ийнхүү нэрлэж, өнөөг хүртэл амжилттай ажилласаар байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.