Швед улс НАТО-д элсэхэд саадгүй боллоо
Анд нөхдийн мэдээ
2024-02-27
Хоёр жил шахам хөөцөлдсөний эцэст Унгарын парламентаас сая зөвшөөрөл авснаар НАТО-д элсэх Швед улсын үүд хаалга бүрэн нээгдлээ. Тус улс 2022 оны тавдугаар сард Финланд улсын хамтаар НАТО-д элсэх өргөдөл гаргасан юм. Одоо зөвхөн гишүүнчлэлийн албан ёслол гүйцэтгэсний дараа тус улс НАТО-гийн бүрэн эрхт гишүүн болно. Унгарын парламент нэгдсэн хуралдаанаараа НАТО-д Швед улсын элсэхийг зөвшөөрөх эсэх асуудлаар санал хураахад 194 гишүүнээс 188 нь дэмжсэн байна. Протоколд Унгарын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ласло Коберт ойрын хугацаанд гарын үсэг зурж, НАТО-гийн гэрээний төлөөлөгч орон болох АНУ-ын Төрийн департаментад хүргүүлэх ажээ. Дараа нь Швед улс НАТО-д элсэх албан ёсны баримт бичиг үйлдэж, Төрийн департаментад хадгалуулснаар гишүүнээр элсэх үйл явц дуусна. 2022 оны хоёрдугаар сард Орос улс Украинд халдсаны дараа Швед улс 200 жилийн түүхтэй эвсэлд үл нэгдэх төвийг сахих бодлогоо орхин НАТО-д элсэх өргөдлөө өгсөн юм. Шведийн Ерөнхий сайд Ульф Кристерссон олон нийтийн сүлжээгээр дамжуулан “Энэ бол түүхэн өдөр. Одоо бид НАТО-гийн аюулгүй байдлын хариуцлагыг хуваалцахад бэлэн байна" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.