Тэйлор Свифтийн тоглолт Сингапурын эдийн засагт ихээхэн ашиг тус өгнө
Анд нөхдийн мэдээ
2024-02-27
Америкийн поп од Тэйлор Свифт ирэх сарын 2-ноос 9-ний өдрүүдэд Сингапур улсад тусгай тоглолт хийнэ. CNA телевиз болон AFP агентлагийн мэдээлснээр тус улсад зочид буудал, нислэгийн эрэлт 30 хүртэл хувиар нэмэгдсэн бөгөөд тоглолтын 300 мянган ширхэг тасалбар зарагдаж дууссан байна. “Singapore Airlines” болон “Scoot” зэрэг агаарын тээврийн компаниуд ирэх сард Зүүн Өмнөд Азиас Сингапур руу зорчих нислэгийн эрэлт эрс нэмэгдсэн тухай мэдээлжээ. Дээд зэрэглэлийн “Marina Bay Sands” зочид буудал 50 мянган сингапур долларын (125 сая төгрөг) үнэ бүхий "Swift Package" багцыг гарган борлуулж дууссан бөгөөд үүнд концертын VIP тасалбар, тансаг зэрэглэлийн зоогийн газар, лимузин машин ашиглах эрх зэрэг үйлчилгээ багтсан байна. Өмнө нь тус улсын Засгийн газар Т.Свифтийн тоглолт Сингапурын эдийн засагт ихээхэн ашиг тус өгнө гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. Өмнө нь алдарт дуучин Австралийн Мельбурн хотод гурван удаа тоглолт хийснээр 1.2 тэрбум австрали долларын эдийн засгийн үнэ цэнийг бий болгосон тухай тус хотын захирагч Салли Капп мэдээлж байсан билээ. Аялал жуулчлалын зөвлөх үйлчилгээний “Master Consulting Services” компанийн захирал Кристофер Хоо алдарт дуучны Сингапурт хийх тоглолтын эдийн засгийн үнэ цэн нь Мельбурн хотынхоос илүү байх болно гэсэн дүн шинжилгээ хийжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.