images

Япон: Талх борлуулах менежмэнт төсөөлснөөс илүү үр дүн үзүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-27


   Японд метроны буудалд хугацаа нь дуусах дөхсөн талх хямдралтай зардаг автомат машин суурилуулсан нь төсөөлж байснаас илүү үр дүн үзүүлжээ. Өнгөрсөн сарын 18-наас эхлэн Канагава мужийн Йокохама хотын Каннай өртөөнд энэхүү автоматыг суурилуулан ажиллуулж эхэлснээс хойш иргэд олноор үйлчлүүлдэг болсон гэнэ. Уг машиныг Йокохама хотын Тогтвортой хөгжлийн хот сурталчлах хэлтэс болон "Yeonbread" талх, нарийн боовны компани хамтран ажиллуулж эхэлсэн байна. "Yeonbread" талхны дэлгүүр орой хаах цагаа нэг цагаар урагшлуулж, 20 цаг гэхэд өдрийн борлуулалтаас үлдсэн талхнуудаа  буудлын автомат машинд хийдэг аж. Ингэснээр иргэд цагаан талх, давстай талхыг дэлгүүрийн үнээс 30 хувийн хямдралтай худалдан авах болжээ. Эдгээр талх дэлгүүрт тухайн өдөртөө зарагдаагүй бол шууд хаягддаг байсан бөгөөд энэхүү өвөрмөц үйлчилгээг нэвтрүүлснээр талх бүрэн борлогддог болсон байна. Нэвтрүүлж эхлээд сар орчим болж байгаа энэ үйлчилгээ иргэдэд ихээхэн таалагдаж, хүмүүс автомат машиныг шинэ талхаар цэнэглэхээс нэг цаг орчмын өмнөөс дугаарлан зогсдог болсныг хэвлэлүүд онцолжээ. Хотын удирдлагууд энэхүү төслийг тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн шинэлэг санаа хэмээн үнэлж, талх, нарийн боовны хог хаягдлыг жилд 1.2 тонноор бууруулна гэж тооцож байна. Хүнсний хог хаягдал нь хүрээлэн буй орчны бохирдлын гол шалтгаануудын нэг юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.