images

Далайн гүнээс 100 гаруй шинэ төрлийн амьтад илрүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-26


   Далайн 4000 орчим метрийн гүнд робот илгээн далайн гүний судалгаа хийсний дүнд, урьд өмнө ажиглагдаж байгаагүй 100 гаруй шинэ төрлийн амьтдыг илрүүлсэн тухай Америкийн далайн судалгааны хүрээлэн мэдээлэв. Тус хүрээлэн Өмнөд Америкийн эрэг болон Чилийн Полинезийн Рапа Нуй арлыг холбосон сувгийг дагуулан өнгөрсөн сарын 8-ны өдрөөс энэ сарын 11-ний хооронд судалгааны төсөл хэрэгжүүлжээ. Эдгээр шинэ амьтдын дотор хөвөн мэт зөөлөн үстэй цав цагаан наймаалж, зараа шиг биедээ өргөстэй хавч, өвөрмөц хэлбэртэй далайн од зэрэг амьтад тохиолдсон байна. Судалгааны багийнхан эдгээр амьтдаас дээж цуглуулж, шинэ төрөл мөн эсэхийг тогтоохын тулд биеийн бүтэц, генд нь шинжилгээ хийхээр ажиллаж байна. “Шмидт” нэртэй тус далайн судалгааны хүрээлэн нь “Google” компанийн гүйцэтгэх захирал асан Эрик Шмидт болон түүний эхнэр Вэнди Шмидт нарын үүсгэн байгуулсан ашгийн бус байгууллага ажээ. Энэ удаагийн судалгаанд далайн ёроолын 4500 хүртэл метрийн гүнд хүрэх чадвартай орчин үеийн робот ашигласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.