Александр Лукашенко ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшинэ
Анд нөхдийн мэдээ
2024-02-26
Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко ирэх оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байна. Тэрбээр Минск хотын сонгуулийн хэсгийн хороонд Үндэсний ассамблейн болон орон нутгийн сонгуульд саналаа өгсний дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ "Намайг нэр дэвшинэ гэдгийг тэдэнд (сөрөг хүчнийхэнд) хэлээрэй" гээд “Хариуцлагатай ерөнхийлөгч өөрийг нь хүрээлсэн ард түмнээ дайны талбарт орхидоггүй юм" гэжээ. Харин сонгуульд нэр дэвшихээ мэдэгдсэнтэй холбоотой асуултад тэрбээр "Сонгууль болоход нэг жил үлдлээ. Их зүйл өөрчлөгдөж магадгүй" гээд өөр хариулт өгөхөөс татгалзсан байна. 1994 оноос хойш төрийн эрх барьж байгаа А.Лукашенко Оросыг дэмжсэн бодлого явуулж, Владимир Путины дэмжлэг авсаар ирсэн юм. Тухайлбал, 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсны дараа сонгуулийн будлиантай холбоотой маргаан өрнөж, Засгийн газрын эсрэг томоохон жагсаал цуглаан дэгдэхэд тэрбээр В.Путины дэмжлэгтэйгээр эсэргүүцлийн жагсаалыг дарж, олон улсын хамтын нийгэмлэгээс улс орноо тусгаарлан Оростой улс төр, эдийн засгийн хувьд улам ойртсон билээ. В.Путин энэ жил Ерөнхийлөгчийн сонгуульд тав дахь удаагаа нэр дэвшиж байгаа бол А.Лукашенко зургаа дахь удаагаа төрийн эрх барьж, долоо дахь удаагаа нэр дэвшихээ мэдэгдээд байгаа нь энэ юм. 2020 оны сонгуульд тэрбээр сөрөг хүчний удирдагч Светлана Тихановскаятай өрсөлдөн 81 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Түүнээс хойш гадаадад дүрвэн амьдарч буй С.Тихановская өнгөрсөн сонгуулийг “Ардчилалтай ямар ч холбоогүй, жүжиг, шоу, циркийн үзүүлбэр байсан” гэж мэдэгдсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.