images

Дэлхийн хамгийн өндөр эрэгтэй, хамгийн намхан эмэгтэй хоёр “нууц төсөл” хэрэгжүүлнэ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-22


   Дэлхийн хамгийн өндөр эрэгтэй, хамгийн намхан эмэгтэй хоёр уулзсан байна. Энэ хоёр хүний биеийн өндрийн зөрүү 190 см орчим ажээ. Тодруулбал, Турк улсын иргэн 251 см өндөр, 42 настай Султан Көсен болон Энэтхэгийн иргэн, 62.8 см өндөр, 31 настай Жиоти Амжи нар уулзсан тухай Гиннесийн амжилтын алба мэдээлэв. Дэлхийн хамгийн өндөр эрэгтэй, хамгийн намхан эмэгтэй гэсэн үзүүлэлтээр Гиннесийн номд бичигдсэн тэд анх удаа уулзаж байгаа нь энэ биш. Өмнө нь 2018 онд хамтдаа Египет улсад айлчилж, Каир хотын пирамидуудаар зочлон хамтдаа зургаа татуулж сонирхолтой аялал хийж байжээ. Тухайн үед тэр хоёр Египетийн аялал жуулчлалыг сурталчлах зорилгоор тус улсын Аялал жуулчлалыг дэмжих газрын урилгаар явсан байна. Энэ удаад тэр хоёр эргэн уулзаж АНУ-ын Калифорниа мужийн Ирвин хотоор аялжээ. Энэ аяллыг Гиннесийн алба “Тэд АНУ-д нууц төсөл дээр ажиллахаар ирсэн” гэсэн товчхон мэдээлэл өгчээ. Тэдний хамтдаа авахуулсан зураг олон нийтийн сүлжээнд нийтлэгдсэн байна. Гиннесийн амжилтын номд бичсэнээр С.Көсен дэлхийн хамгийн том гартай хүн хэмээх ​​дээд амжилтыг мөн эзэмшдэг ажээ. Түүний гар бугуйнаасаа дунд хурууны үзүүр хүртэл 28.5 см урт бөгөөд Ж.Амжи бүсгүйн биеийн өндрийн тал хувьтай тэнцэх юм. Тэдний нууц төслийн талаар Гиннесийн алба одоогоор тодорхой тайлбар хийгээгүй байна. Ж.Амжи нь 2011 онд дэлхийн хамгийн намхан эмэгтэйгээр Гиннесийн номонд бичигдсэн бөгөөд өдгөө жүжигчнээр ажилладаг ажээ. Тэрбээр Америкт ихээхэн алдартай аймшгийн цуврал кино "American Horror Story"-д тоглосноор олны танил болжээ. "Instagram"-д түүний дагагчийн тоо 1.47 сая хүрээд байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.