Пабло Нерудагийн үхлийн шалтгааныг сэргээн шалгана
Анд нөхдийн мэдээ
2024-02-22
Чилийн яруу найрагч, улс төрч Пабло Нерудаг (1904-1973) хөнөөсөн байж болзошгүй хэргийг сэргээн шалгах шийдвэрийг тус улсын Дээд шүүх гаргалаа. Давж заалдах шатны шүүх түүний хэргийг дахин шалгах тухай талийгаачийн ар гэрийнхний хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин мөрдөн байцаалт явуулах болсон тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Канад, Данийн шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд П.Нерудагийн шарилаас хоолны хордлого үүсгэгч Clostridium botulinum нян их хэмжээгээр илрүүлсэн нь түүнийг хордуулсны нотолгоо болсон гэж П.Нерудагийн ач хүү Рудольфо Рейес шүүхэд хандсан байна. Чилийн ардын уран зохиолч гэгддэг П.Неруда бол ХХ зууны Өмнөд Америкийн уран зохиолын нэг гол төлөөлөгч юм. Тэрбээр социалист үзэлтэй, дипломатч, Чилийн Коммунист намын гишүүн байсан бөгөөд залуу насандаа хайр дурлалын сэдэвт шүлэг найргаараа ихэд алдаршиж байв. Мадридад консулаар ажиллаж байхдаа Испанийн иргэний дайныг үзэж, дарангуйллыг буруушааж, ард түмний жаргал зовлонг хөндсөн бүтээл олноор туурвиж, 1971 онд утга зохиолын салбарт Нобелийн шагнал хүртжээ. Тэрбээр 1973 онд Августо Пиночетийн цэргийн эргэлт гарснаас хойш 12 хоногийн дараа нас барсан байна. Үхлийн шалтгаан нь түрүү булчирхайн хорт хавдар даамжирсан гэж гарсан ч түүнийг А.Пиночетийн цэргийнхэн алсан гэсэн хардлага байнга дагалдсаар ирсэн ажээ. 2017 онд Чилийн эрх баригчид П.Нерудагийн шарилаас Clostridium botulinum илэрсэн хэмээн мэдээлсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.