Илон Маск, Жулиан Ассанж нарыг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлэв
Анд нөхдийн мэдээ
2024-02-21
“Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маск болон “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанж нарыг энэ жилийн Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн тухай Америкийн “Politico” сонин мэдээлэв. Нэр дэвшигчдийг санал болгох эрхтэй Норвегийн парламентийн гишүүн Мариус Нильсен И.Маскийг санал болгосноо албан ёсоор мэдэгдсэн бөгөөд “И.Маск өнөөгийн нээлттэй ертөнцөд яриа хэлцэл, үг хэлэх эрх чөлөөг дэмжиж, хувь хүмүүст санал бодлоо илэрхийлэх боломжийг олгосон бөгөөд түүний технологийн компаниуд дэлхийг харилцан уялдаатай, аюулгүй орчин болгоход хувь нэмрээ оруулсан” гэжээ. Харин Норвегийн парламентын гишүүн Софи Махаг Австралийн сэтгүүлч Ж.Ассанжийг Нобелийн энх тайвны шагналд нэр дэвшүүлж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр түүнийг “Барууны орнуудын дайны гэмт хэргүүдийг илчилж энх тайвны төлөө хувь нэмэр оруулсан” гээд “Дайнаас зайлсхийхийн тулд дайны хор уршгийг мэдэх хэрэгтэй учраас Ж.Ассанжийг энэхүү шагналд санал болгох нь зүй ёсны хэрэг” гэсэн байна. Үүний өмнөхөн АНУ-ын конгрессын гишүүн, Бүгд найрамдах намын төлөөлөгч Клаудиа Тенни Ерөнхийлөгч асан Дональд Трампыг тус шагналд санал болгож буйгаа зарласан юм. Нобелийн хороо энх тайвны асуудлаар судалгаа хийж буй эрдэмтэн судлаачид, парламентын гишүүд, өмнөх шагналтнууд зэрэг нэр дэвшигчдийг санал болгох эрхтэй хувь хүн, байгууллагуудаас Энх тайвны шагналд нэр дэвшүүлэх хүсэлтийг хүлээн авдаг. Энэ жилийн шагналын эзэд аравдугаар сард тодорч, шагнал гардуулах ёслол арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Осло хотод болно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.