images

35 настай америк бүсгүй 12 дахь хүүхдээ төрүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-20


   АНУ-ын Канзас мужийн Вичита хотын иргэн 35 настай Бритни Черч хэмээх бүсгүй 12 дахь хүүхдээ төрүүлж тус улсын хамгийн олон хүүхэдтэй залуу ээж болжээ. Тэрбээр 2004 онд буюу 16 настайдаа анхны хүүхдээ өлгийдөж авсан бөгөөд одоо Кризман нэртэй том охин нь 19 нас хүрчээ. 2006 онд хоёр дахь хүүхдээ төрүүлж, улмаар жил дараалан гурав, дөрөв дэх хүүхдээ төрүүлсэн байна. Харин тав дахь хүүхдээ төрүүлсний дараахан нөхрөөсөө салжээ. Үүний дараа Б.Черч нэгэн үдэшлэг дээр танилцсан залуутай хэсэг үерхэж зургаа дахь хүүхдээ төрүүлэв. Энэ үед Б.Черч үйлдвэрт ажиллаж олсон мөнгөөрөө амьдралаа залгуулж хүүхдүүдээ ганцаараа өсгөж байлаа. Ингээд 2014 онд одоогийн нөхөр Кристэй танилцан албан ёсоор хуримлаж дахин зургаан хүүхэд төрүүлсэн байна. Тэдний гурав нь ихэр ажээ. Хамгийн бага охин нь одоо хоёр настай. Өнөр бүлийн ээж гэртээ өдөржин угааж цэвэрлэх ажил хийдэг гэнэ. Тухайлбал долоо хоногт дунджаар 80 удаа живх сольж, 21 удаа хувцас угаадаг. Гэр бүлийн хоолны зардалд долоо хоногт 400 гаруй доллар зарцуулдаг аж. Нөхөртөө дэм болох үүднээс тэрбээр баярын бялуу чимэглэх ажил хийж боломжийн орлого олдог гэнэ. Хэдийгээр хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхийн тулд цаг наргүй ажилладаг ч олон хүүхэдтэй болсондоо огтхон ч харамсдаггүй, харин ч бахархдаг хэмээн ярьсан байна. Ингэхдээ “Хүмүүс яагаад хүүхдээ авахуулахгүй төрүүлээд байсныг минь асуудаг. Энэ үнэхээр жигшүүртэй" гээд "Миний амьдрал хүн болгонд таалагдахгүй гэдгийг би мэднэ. Гэхдээ энэ бол миний л амьдрал” гэсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.