Юлия Навальная: Нөхрийнхөө ажил үйлсийг үргэлжлүүлнэ
Анд нөхдийн мэдээ
2024-02-20
Саяхан шоронд учир битүүлгээр нас барсан Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйн эхнэр Юлия Навальная "Би нөхрийнхөө хийж байсан ажил үйлсийг үргэлжлүүлж, эх орныхоо төлөө тэмцсээр байх болно" гэжээ. Тэрбээр X (хуучин Твиттер) сүлжээнд нийтэлсэн бичлэгтээ "Миний талд байж намайг дэмжээрэй" гэсэн байна. Владимир Путины улс төрийн хамгийн том өрсөлдөгч байсан А.Навальный энэ сарын 16-ны өдөр, хорих ангид нас баржээ. Ердөө нэг өдрийн өмнө буюу 15-нд тэрбээр шоронгоос цахим шүүх хуралд оролцож, шүүгчид хандан "Миний дансанд мөнгө хийж өгөөч" хэмээн хошигнож байсан бөгөөд гэнэт нас барсан нь олон янзын сэжиг таамаг төрүүлээд байна. Энэ тухайд Ю.Навальная “Энэ хэргийг яг хэн, хэрхэн үйлдсэнийг заавал олж тогтоож нэр ус, зүс царайг нь олонд ил болгоно” гэжээ. 1976 онд Москва хотод төрсөн Ю.Навальная Плехановын нэрэмжит Эдийн засгийн сургуулийг дүүргэж, Москвагийн банкинд ажиллаж байжээ. Тэрбээр 1998 онд Туркт аялж явахдаа нас чацуу хуульч А.Навальныйтай танилцаж, 2000 онд гэрлэн нэг охин, нэг хүүтэй болсон юм. Тэр цагаас хойш Ю.Навальная “Сөрөг хүчний удирдагчийн тэргүүн хатагтай” хэмээн нэрлэгдэж, нөхрийнхөө ажил үйлсэд хүчин зүтгэсээр иржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.