БНСУ Куба улстай дипломат харилцаа тогтоов
Анд нөхдийн мэдээ
2024-02-15
БНСУ улс өнөөг хүртэл албан ёсны харилцаагүй байсан Куба улстай дипломат харилцаа тогтоов. Өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотноо НҮБ-д суугаа хоёр орны төлөөлөгчийн газар нот бичиг солилцсоноор хоёр улс албан ёсны дипломат харилцаа тогтоосон байна. Ингэснээр Куба улс нь Өмнөд Солонгосын 193 дахь дипломат харилцаатай улс болж байна. Куба улс 1949 онд БНСУ-ын Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн боловч 1959 онд тус улсад социалист хувьсгал гарсны дараа хоёр улсын харилцаа тасарсан юм. БНСУ-ын төрийн өндөр албан тушаалтан хэлэхдээ "Ерөнхийлөгч Юн Сок Ёол ажлаа авснаас хойш тус улстай дипломат харилцаа тогтоохын тулд тасралтгүй ажилласаар ирсэн” гэжээ. Улмаар Куба улс БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагаа, соёлын солилцоо хөгжүүлэхийг эрмэлзсээр ирснийг дурдаад энэ удаад Хойд Солонгост мэдэгдэлгүйгээр дипломат харилцаа тогтоосон болохыг онцолсон байна. Куба улстай дипломат харилцаа тогтоосноор хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, БНСУ-ын аж ахуйн нэгжүүдийг нэвтрүүлэх институцийн суурийг бий болгох замаар хоёр орны бодит хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хувь нэмэр оруулна гэж тус улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ. Одоогийн байдлаар Японы колоничлолын үед цагаачилж гарсан 1000 гаруй солонгос иргэдийн үр хойчис Куба улсад амьдарч байгаа аж. Цаашид хоёр улс харилцан суурин төлөөлөгчийн газар нээх зэрэг дипломат арга хэмжээний талаар идэвхтэй ярилцахаар төлөвлөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.