Солонгос профессор “Алтан гадас” одонгоор шагнуулав
Анд нөхдийн мэдээ
2024-02-14
БНСУ-ын Данкүк их сургуулийн Ази, Ойрхи Дорнод судлалын тэнхимийн профессор Ким Ки Сон “Алтан гадас” одонгоор шагнуулсан байна. Шагналыг тус улсад суугаа Монголын Элчин сайдын яаман дээр Элчин сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Оюунбаатар гардуулжээ. Профессор Ким Ки Сон нь 1992 онд Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр монгол хэл, уран зохиолын чиглэлээр МУИС-д суралцаж магистр, докторантын зэрэг хамгаалсан юм. Улмаар 1999 оноос БНСУ-ын Данкүк их сургууль, Халлим их сургууль, Ханкүк гадаад судлалын их сургуульд орчин цагийн монгол хэл, соёлын сэдвээр лекц уншиж, судалгаа хийж байна. Тэрбээр орчин цагийн монгол хэлний хэлзүй, монгол соёл, аман зохиол, бүс нутаг судлалын чиглэлээр голлон судалдаг. Профессор Ким “Yonhap News” агентлагт өгсөн ярилцлагадаа "Энэ бол миний 30 гаруй жилийн хичээл зүтгэл, хүсэл тэмүүллийн үр дүн юм. Цаашид хоёр орны харилцаа, эрдэм шинжилгээ, боловсролыг хөгжүүлэхийн тулд чадах бүхнээ хийх болно" гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.