images

Хорт хавдраар өвчилсөн есөн настай хүү шүтэн биширдэг тамирчинтайгаа уулзахаар болов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-07


   Английн Премьер лигийн “Тоттенхэм Хотспур” багийн дасгалжуулагч Ангер Постекоглоу хорт хавдраар өвчилсөн 9 настай хүүтэй уулзаж, түүний хүсэлтийг биелүүлэхээр болов. Тус багийн үнэнч хөгжөөн дэмжигч Фредди хүү дасгалжуулагч Постэкоглоутай ярилцаж буй бичлэг "TNT Sports" сувгаар гарсан бөгөөд дасгалжуулагч өвчний улмаас хөлбөмбөг тоглох боломжгүй болсон хүүтэй түүний шүтэн биширдэг тамирчин Сон Хун Минийг уулзуулж өгөхөө амласан байна. Хүү одоогоор эмнэлэгт байгаа боловч дуртай багийнхаа өмсгөл, таних тэмдэг, зураг зэргийг цуглуулсаар байна. Фредди хүү дасгалжуулагч А.Постэкоглоугаас хэд хэдэн асуулт асуув. "Тоттенхэмийн дасгалжуулагч байхын хамгийн сайхан зүйл юу вэ?" гэж асуухад тэрбээр "Чам шиг хөлбөмбөгт дуртай хүмүүстэй уулзах их сайхан байдаг. Учир нь тэдний хувьд ийм уулзалт ямар утгатай болохыг би сайн мэднэ" гэжээ. Мөн "Тоттенхэм баг хэзээ аварга болно гэж та бодож байна?" гэсэн асуултад дасгалжуулагч "Миний итгэл найдвар, хүсэл мөрөөдөл бол энэ юм" гээд "Энэ нь ганцхан ялалт биш, харин чам шиг хөгжөөн дэмжигчдэд баяр баясгаланг авчирдаг юм" гэжээ. Харин дасгалжуулагч Фредди хүүгээс “Одоо тоглож буй тоглогчдоос чиний хамгийн хайртай тоглогч хэн бэ?” гэж асуухад эргэлзэлгүйгээр Сонни (Сон Хун Мин) гэж хариулав. Ярилцлагын дараа дасгалжуулагч А.Постекоглоу үнэнч шүтэн бишрэгч хүүд өөрийн нэртэй, 9 дугаартай дүрэмт хувцсаа бэлэглэжээ. Мөн хүүг чанга тэврээд "Дараагийн удаа Соннитой уулзацгаая. Би чамайг түүнтэй танилцуулж өгнө. Яг одоо би утсаараа түүнтэй ярьж цаг тохирно” гэж амласан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.