images

Хятад Засгийн газар луу жилийн тухай цуу ярианд итгэхгүй байхыг уриалав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-02-06


    Ирж буй луу жилд гэрлэвэл таагүй явдал тохионо гэсэн цуурхал Хятадад таржээ. Энэ явдал гэр бүл зохиох дургүй орчин үеийн залууст улам муугаар нөлөөлж байна гэж үзээд ийм мухар сүсэгт итгэхгүй байхыг Засгийн газраас уриалсан тухай “South China Morning Post” сонин мэдээлэв. Улмаар тус улсын Иргэний хэргийн яамны вэбсайтад "Эрүүл ухаан, шинжлэх ухааны үндэслэлгүй мухар сүсэг" гэсэн нийтлэл гарчээ. Уг нийтлэлд "Хятад залуус гэр бүл зохиож, хүүхэдтэй болох хүсэлгүй болж, сүүлийн хоёр жилийн хугацаанд хүн ам буурч, нийгэм хурдацтай хөгширч байгаа энэ үед ийм цуу яриа дэгдсэн нь ноцтой асуудал юм" хэмээн онцолжээ. Үүний зэрэгцээ олон нийтийг соён гэгээрүүлэх, цуу яриаг арилгахын тулд тус улсын төв телевиз (CCTV) өнгөрсөн долоо хоногт ямар нэгэн жил гарах болон ба амьдралд азгүй явдал тохиох хоёрын хооронд ямар ч холбоо байхгүй гэдгийг онцолсон байна. Улмаар хөх луу жилийг хятадууд өлзий дүүрэн, өгөөж баян жил хэмээн бэлгэдэж ирснийг сануулжээ. Хятадын соёлд хөх луу жилд төрсөн хүүхдүүд амжилтаар арвин, хүч чадал ихтэй байдаг хэмээн үздэг аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.