Унгар: Өндөр настан уран гулгагч хосын түүх
Анд нөхдийн мэдээ
2024-02-05
Унгарын Будапешт хотын мөсөн гулгуурын талбай дээр тэшүүрээр гулгаж буй олон хүмүүсийн дунд буурал үстэй өндөр настан хос маш чадварлаг, уран гулгаж буй бичлэг олны анхаарлыг татаж байна. Тэрхүү бичлэг Instagram болон TikTok дээр нийтлэгдсэн даруйдаа хэдэн арван саяын хандалт авч, дэлхийн өнцөг булан бүрээс тэднийг уухайлан дэмжсэн сэтгэгдэл хөвөрч эхэлжээ. Тодруулбал, TikTok дээр байршуулсан бичлэгийг 28.8 сая гаруй хүн үзсэн байна. Цахим хэрэглэгчид тэдний тухай ихэд сонирхож “Киноны гол дүр бүтээж байгаа байх”, “Дурлалт хосууд байх” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ. “Reuters” болон “Hungary Today” агентлагийн мэдээлснээр тэд бол нас чацуу 76 настай Мара Патай, Ласло Гомбос нар ажээ. Хоёул багын найзууд, бага наснаасаа уран гулгалтын спортоор хичээллэдэг байсан ч аль аль нь ид залуу насандаа хувийн шалтгаанаар гулгахаа больжээ. Мара Патай анх уран гулгалтын талбайн хөргөх төхөөрөмж зохион бүтээдэг аавыгаа дагаж явсаар уран гулгалтын спортод дуртай болсон бөгөөд улмаар мэргэжлийн тамирчин болон ид мандаж явахдаа хөлөө гэмтээсний улмаас дуртай спортоо орхиход хүрсэн байна. Харин Ласло Гомбос 10 настайдаа мөсөн гулгуурын талбай ажиллуулдаг авга ахынхаа тусламжаар уран гулгагч болжээ. Гэсэн хэдий ч 30 насандаа мөнгө санхүүгийн байдлаас болж тэшүүрээ орхисон байна. Ийнхүү тус тусдаа хувийн амьдралаа хөөж явсаар тэтгэвэрт гарсан хойноо дахин учирчээ. Хатагтай М.Патай тэтгэвэрт гарсныхаа дараа өмнөх хүсэл тэмүүллээ сэргээхээр гулгаж эхэлсэн бол Л.Гомбос түрүү булчирхайн хорт хавдраар өвчилж, өвчнөө мартаж биеэ эрүүлжүүлэх үүднээс дахин тэшүүрийн талбайд гарсан байна. Тэр цагаас хойш хоёул 10 гаруй жил долоо хоногт хоёр удаа гулгадаг болсон байна. Ноён Л.Гомбос хэлэхдээ "Эхнэрээ алдсаны дараа амаргүй цаг үеийг туулсан. Азаар би Маратай учирч, хамтдаа гулгаж өвчин шаналалаа мартаж чадсан” гэжээ. Хатагтай М.Патай "Ямар нэг шалтгаанаар би мөсөн гулгуурын талбайд гарч чадахаа больсон ч хамтрагчаасаа холдож чадахгүй” гэжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.