“Хөргөгчний хулгайч”-ийг саатуулан шалгатал сайн үйлстэн байжээ
Анд нөхдийн мэдээ
2024-02-01
Британийн нэгэн тосгоны зам дээр шөнө дунд хөргөгч үүрээд гүйж явсан эрийг цагдаа саатуулжээ. Түүнийг хөргөгч хулгайлж хэмээн сэжиглэж шалгасан ч чихрийн шижин өвчтэй хүмүүст зориулж мөнгө цуглуулах марафонд бэлтгэж явна гэдгээ тайлбарласан байна. Английн Хертфордшир мужийн иргэн 34 настай Даниел Фэйрбротер хэмээх энэ эр 25 кг жинтэй хөргөгч үүрээд, сайн үйлсийн аянд зориулсан холын зайн гүйлтийн бэлтгэл хийж явсан нь энэ ажээ. Түүнийг саатуулсан цагдаагийн албан хаагч “Та хөргөгч үүрээд шөнө дунд хаачиж яваа юм бэ?” гэж асуухад тэрбээр “Марафонд гүйлтэд оролцохоор бэлтгэл хийж байна” гэсэнд цагдаа маш их гайхсан байна. Энэ тухай сайхь эр “Хөлрөөд нүүр маань час улаан болсон тул би цагдаа нараас их ичсэний зэрэгцээ үгэнд маань итгэхгүй байх гэж их санаа зовсон” гэжээ. Даниел учир байдлаа сайн тайлбарлаж ойлгуулснаар цагдаа нар түүнд амжилт хүсч урам хайрлаад явуулжээ. Тэрбээр чихрийн шижин өвчнөөр шаналж буй найздаа тусалж, хүмүүсийн анхаарлыг түүнд хандуулахын тулд дөрөвдүгээр сарын 21-нд болох Лондонгийн марафонд хөргөгч үүрч оролцохоор төлөвлөсөн байна. Улмаар хөргөгчөө "Cool Runnings" кинонд гардаг чарганы нэрээр "Tallulah" гэж нэрлэжээ. Хүний төлөө гэсэн халуун сэтгэлтэй энэ залуу Их Британийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх нийгэмлэгтэй хамтран 10 мянган паундын хандив цуглуулахаар зорьж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.