Шинэ Зеланд: Мөнхийн химийн бодис агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг хориглоно
Анд нөхдийн мэдээ
2024-01-31
Шинэ Зеландын засгийн газар 2026 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн "мөнхийн химийн бодис" гэж нэрлэгддэг фторжуулсан нэгдэл (PFAS) агуулсан гоо сайхны бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх, импортлохыг хориглох шийдвэр гаргав. Улмаар 2027 оны сүүлчээс эхлэн худалдаалахыг хориглож, 2028 оны 6 дугаар сарын 30 гэхэд PFAS агуулсан бүх гоо сайхны бүтээгдэхүүнийг устгахаар болсон байна. Тус улсын Байгаль орчныг хамгаалах агентлаг (EPA) дотоодод худалдаалж буй гоо сайхны бүтээгдэхүүний 90 хувь нь импортын бүтээгдэхүүн байгаа бөгөөд эдгээрээс PFAS илэрсэн болохыг мэдэгджээ. EPA-ийн аюултай бодисын үнэлгээний менежер доктор Шон Прессо хэлэхдээ "PFAS нь амархан задардаггүй, биед хуримтлагддаг хорт бодис бөгөөд манай улс гоо сайхны бүтээгдэхүүнд PFAS-ийг хориглосон анхны улс болно" гэжээ. PFAS нь маш тогтвортой химийн бүтэцтэй учир байгальд амархан задардаггүй, ус, тосонд уусдаггүй, халуунд тэсвэртэй бодис юм. Эдгээр шинж чанаруудаас шалтгаалан үүнийг ихэвчлэн хайруулын таваг бүрэх, хүнсний сав баглаа боодлын материал, ус нэвтэрдэггүй бүрээс, эмнэлгийн тоног төхөөрөмж, гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын нунтаг зэрэгт ашигладаг ажээ. Энэ нь хөрс, ус бохирдуулах, хорт хавдар үүсгэх, дааврын үйл ажиллагаа алдагдуулах, дархлаа сулруулах зэрэг эмгэг учруулдаг нь судалгаагаар тогтоогдсон тул дэлхий даяар үүнийг зохицуулах хөдөлгөөн өрнөж байна. Европын холбоо PFAS ашиглахаас урьдчилан сэргийлэх зохицуулалт хийхээр бэлтгэж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.