Номхон далайн гүнээс наяад жилийн өмнө сураггүй алга болсон онгоцны хэсэг байж болзошгүй биет илрүүлжээ
Анд нөхдийн мэдээ
2024-01-31
Атлантын далайг онгоцоор гаталсан анхны эмэгтэй болох Америкийн домогт нисгэгч Амелиа Эрхарт 1937 онд сураггүй алга болохдоо жолоодож явсан онгоцны хэсэг олдсон байж магадгүй тухай CNN мэдээлэв. Далайн хайгуулын чиглэлээр ажилладаг "Deep Sea Vision" компанийн судалгааны баг Номхон далайн 4,877 метрийн гүнд А.Эрхартын жолоодож явсан “Lockheed 10-E Electra” онгоцны хэсэг байж болзошгүй объектыг илрүүлснээ өнгөрсөн 27-ны өдөр мэдэгдсэн байна. Түүнтэй хамгийн сүүлд холбоо тасарсан Номхон далайн төв хэсэгт орших Хоуланд арлаас 161 км-ийн зайд уг биет илэрсэн нь А.Эрхартын онгоцны хэсэг мөн байх өндөр магадлалтай гэж тус компанийн гүйцэтгэх захирал, АНУ-ын Агаарын цэргийн хүчний тагнуулын ажилтан асан Тони Ромеро мэдэгджээ. "Deep Sea Vision" компани өнгөрсөн оны есдүгээр сараас арванхоёрдугаар сар хүртэл илрүүлэгч төхөөрөмжөөр тоноглогдсон автомат удирдлагатай усан доорх тээврийн хэрэгсэл (AUV) ашиглан далайн гүнд хайгуул хийсэн аж. Амелиа Эрхарт 1937 оны 7 дугаар сард экваторыг тойрсон маршрутын дагуу дэлхийг тойрон нисэж яваад сураггүй алга болжээ. 16 хоног үргэлжилсэн эрчимтэй эрэл хайгуулын үр дүнд АНУ-ын засгийн газар онгоцны шатахуун дууссаны улмаас Номхон далайд осолдсон гэж дүгнэсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.